“Монголын сайхан орон” наадмаар дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан орон” наадмаар дэлгэгдэнэ

Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны үзэсгэлэнт байгаль түүний  дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшин, мөн өнгө будгийн  хослолоор байгалийн сайхныг урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх “Монголын сайхан орон” үзэсгэлэн нээлтээ хийх юм. Уран зургийн галерей жил бүр наадамчиддаа зориулан уг үзэсгэлэнг дэлгэн сонирхуулдаг бөгөөд Монголын уран зургийн галерей, Аялал жуулчлалын яам зохино байгуулж буй уг үзэсгэлэнгийн бүтээлүүдийг энэ сарын 4-6-ны хооронд 10.00-17.00 цагт Уран зургийн галерейд хүлээн авах нь ээ.

“Монголын сайхан орон” үзэсгэлэнд уран бүтээлчид 1-5 бүтээлээрээ оролцох боломжтой бөгөөд бүтээл нь ямар нэгэн байдлаар хуулбарлагдаагүй “эх” бүтээл байх шаардлагатай ба уран зураг бол дотуур гадуур жаазтай, үзэмжтэй, чанартай байх ёстой юм байна шүү. Түүнчлэн үзэсгэлэнд оролцох гэрэл зургууд гадуур жаазтай шилгүйгээр шийдсэн байх ба 40х60 см дээш, 150-150 см-ээс бага хэмжээтэй, 300 dpi  буюу өндөр нягтралтай  байх хэрэгтэй гэнэ.

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс зөвхөн нэг бүтээлийг шилдгээр шалгаруулан өндөр шагнал олгох нь ээ. Шалгаруулалт энэ сарын 9-нд 16.00 цагт үзэсгэлэнгийн нээлт дээр болно.

“Монголын сайхан орон” үзэсгэлэн энэ сарын 9-19-ний хооронд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй олны хүртээл болох юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж