
Улс төрийн аль нэг намын төлөө сонгууль хийдэггүй, харин ард иргэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө сонголт хийдэг. Энэ утгаараа иргэд “Эрх ашгийг маань хэн зөв тодорхойлж, хэн зөв бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг тендерийг зарласан хэрэг. Үүнд АН-ын ирүүлсэн санал яллаа.
Сонгуульд хэн ялах нь бидний дотоодын хэрэг явдал төдий биш гадаадын хөрөнгө оруулагчид, хамтын ажиллагаа, дипломат харилцаа тогтоосон хэдэн арван гүрний анхаарал татсан асуудал байлаа. Энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн намуудаас аль нь ямар байр суурь баримталдаг, цаашид ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг тэд биднээс илүү сонирхож байсан. Учир нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын яриа хэлэлцээрт төрийг төлөөлөх эрх зөвхөн Ерөнхийлөгчид олгогдсон байдаг. Энэ хэрээр Монголын гадаад харилцааны гүүр болох Ерөнхийлөгч, түүнийг нэр дэвшүүлсэн улс төрийн намын үзэл баримтлал нь хол, ойрын хөршүүдийн хувьд сонирхох ёстой сэдэв байхаас аргагүй. Энэ удаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд хоёр болон гуравдагч хөршүүд баяр хүргэж, амжилт хүссэн захидлаар булж байна. Юун түрүүнд Европын холбоо баяр хүргэсэн цахилгааныг бараг л сонгуулийн дүнг зарлахаас урьтан явуулсан бол удаад нь хойд хөршөөс, Цагаан ордноос, урд хөршөөс баяр хүргэлээ. Эдгээр мэндчилгээ нь дипломат харилцааны ердийн хэм хэмжээ боловч хэдий хугацаанд хэний мэндчилгээ ирж байгаа нь олон зүйлийг “хэлж” байдаг. Монгол Улсын нэр хүнд, хоёр орны харилцаандаа өгч буй үнэлэмж үүний цаанаас уншигдана. Түүнчлэн Ерөнхийлөгчийн албан тушаалд шинээр сонгогдсон эрхмийн нэр нөлөө, байр суурийг аль төвшинд хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ.
Энэ удаад АНУ-ын Цагаан ордноос гаргасан мэдэгдэл олон хүнд онцгой санагдаж байна. Ерөнхийлөгчид хандсан мэндчилгээ төдийгүй биш олон нийтэд хандсан мэдэгдэл гаргасан нь асуудлыг арай өндөр төвшинд аваачиж буй хэрэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ “Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ” гэсэн өгүүлбэрээр төгсгөсөн нь уг мэссэжийн гол агуулга бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд үүнийг хүргэх нь гол зорилго нь гэж ойлгож болно. Энэ нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд чухам хаана явааг илэрхийлэх нэг хэмжүүр болж байна.
Монгол Улс хоёр хөрштэй. Энэ дунд нээлттэй гадаад бодлого явуулах нь бидний эрх ашиг гэж Ц.Элбэгдорж санал хураалтын өмнөх мэтгэлцээний үеэр мэдэгдсэн. Өмнөх бүрэн эрхийн хугацаандаа ч ийм байр суурийг баримталж ажилласан. Ардчиллын үнэт зүйлээс суралцах, эдийн засгийн тогтолцоогоо бэхжүүлэх үүднээс гуравдагч хөршийг үргэлж эрэлхийлэн ирсэн, цаашид ч энэ нь чухал болохыг Монгол Улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа 2010 онд тусгаж баталсан. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчид сонгогдсоныхоо дараахан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх төслийг санаачилж байлаа.
Үзэл санаа үнэт зүйл нэгтэй улс орнуудтай нээлттэй бодлого баримталж, тэдгээрийг нэгтгэсэн хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх нь хоёр том гүрнээр “хашигдсан” Монголын хувьд томоохон эрх ашиг. Тийм ч учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс АОХН-ийг даргалж, ердөө хорин жилийн өмнө ардчиллын хаалга татсан жижиг буурай орон өнөөдөр хэн болсноо нэг талаар харуулсан. Мөн ирэх намар Монголд Давосын чуулга уулзалтын хүрээнд олон улсын хурал болохоор бэлтгэлээ базааж байна. Оны эхээр Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулга уулзалтын шинжээчдийн багийг эх орондоо урьж, эдийн засгийн төсөөллөө гаргуулахаар болсон билээ. Монголын эдийн засаг хэдэн онд ямар төвшинд хүрсэн байхыг тодорхойлох нь геополитикийн ач холбогдолтой аж.
Дэлхийн улс орнууд хамтарч ажиллахаас илүү өрсөлдөх болсон өнөөгийн хавтгай ертөнцөд бид өөрсдийгөө зөв ойлгуулах, илэрхийлэх юунаас ч илүү чухал. Их хямралын дараахан дэлхийн санхүүгийн томоохон төвүүд хүндхэн байдалд байсан ч Монгол Улс гадаад зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж чадсан, бас дараахан нь бондоос мөнгө босгосон. Монголын нэр хүнд гадаадад өсч, Монголд үзүүлэх итгэл нэмэгдсэнийг дээрх үйл явдлууд харуулсан. Өнөөдөр энэхүү байр сууриа хадгалан бэхжүүлэх, нээлттэй гадаад бодлогоор аюулгүй байдал, эдийн засаг, ардчиллын үнэт зүйлээ бататгах нь нийгмийн захиалга.
Энэхүү захиалгыг биелүүлэх “тендерийн ялагч”-ыг бид хэдхэн хоногийн өмнө зарласан билээ. Харин одоо ялагчид хандан ирүүлж буй баярын мэндчилгээ бол нэг талаас улс орны гадаад дахь нэр хүнд, нөлөөг үнэлсэн, нөгөө талаас Монголын ард түмний сонголтыг сайшаасан дэмжлэг юм.