
Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудалд улстөр, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг хэлэлцэх шийдвэрт хүрчээ. Үүнд Газрын тухай багц хуулийн төсөл, Сонгуулийн тухай хууль, Баялгийн сангийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Олуулаа хуулийн төслүүдийг багтаажээ. Чингэхдээ УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Эдийн засгийн багц хуулийн төслийг боловсруулах чиглэлд бүлгээс анхаарч ажиллах юм байна. Энэ хүрээнд 2014-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг нарийвчлан гаргах, Тендэрийн тухай хуулийг өөрчлөх чиглэлээр ажиллах үүргийг бүлгийн гишүүд хүлээжээ. Учир нь уур амьсгалын бүсээсээ шалтгаалж Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил зургаан сарын хугацаанд хийгдэх шаардлагатай байдаг. Гэтэл Тендерийн хуульд хүнд суртал дагуулсан олон заалт байгаа нь ажил уях үндсэн шалтгаан болж буй аж. Тиймээс Эдийн засгийн багц хуулийн төслийг боловсруулах хүрээнд Тендэрийн хуульд байгаа энэхүү хүнд суртлыг арилгах эрх зүйн орчин бүрдүүлэх. Хөгжлийн банкаар дамжуулж хэрхэн хөрөнгө мөнгөний зарцуулалт хийдэг болох вэ зэргийг тодорхой болгох зорилгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэх шийдэлд хүрснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлсэн болохыг тус намын бүлгийн дарга хэллээ.