“Шударга ёс” эвсэл ажилдаа анхаарна

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл ажилдаа анхаарна

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Энэхүү тогтоолын төсөл нь Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн  сүлжээг бий болгоход анхаарал хандуулахад чиглэгдэх бөгөөд нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулж, Түр хороо байгуулах нь зүйтэй гэж тус бүлгийнхэн үзсэн байна.

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. "Шударга ёс" эвслийн бүлэг энэ төслийг хэлэлцээд, “Дэмжих нь зүйтэй” гэж үзсэн талаар бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай”  тогтоолын төслийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон гишүүн ахлах юм байна. Ажлын хэсэг эрдэс баялагийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэд, судлаачдын багаас бүрджээ. Энэхүү ажлын хэсэг хаврын чуулган завсарласны дараа намрын чуулганы орох хугацаанд судалгаа, шинжилгээ хийн, дүгнэлт гаргаж, бэлтгэх юм байна. Уул уурхайгаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлж байгаа энэ үед “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл зайлшгүй шаардлагатай гэж бүлгийн зүгээс үзсэн байна.

Үүний дараа бүлгийн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.  Аудитын газар нь УИХ-аас томилдог байгууллага учраас төрийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэх  шаардлагатай байгааг тус бүлгийн онцолж байна. Тиймээс энэ төслийг дэмжиж Аудитын газрын дарга нь орон нутаг, аймаг, нийслэлийн аудитын мэргэжилтэн, дарга нарыг томилдог байх зэрэг зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналыг "Шударга ёс" эвслийн бүлгийн зарим гишүүд гаргажээ. Энэ сарын 10-ны өдөр 2013 оны хаврын чуулган завсарлах тул энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хурадаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринд эвслийн гишүүд нэгдсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж