
Гэвч үнэндээ энэ нь үр дүнд хүрч байсан уу гэвэл тийм ч таатай хариулт дуулдахгүй л дээ. “Шинэчлэлийн хороо”, “Шинэ эхлэл” гэх мэт олон ч шинэчлэх хороодууд УИХ, Орон нутгийн сонгуулийн дараа Ардын намаас төрөн гарсан. Шинэчлэл гэдэг угтаа бол тэдний хэлдгээр хүн халж солихын нэр биш л дээ.
Гэтэл шинэчлэх гэж яриад байгаа залуусын бодлоор удирдлага нь болж бүтэхгүй, удирдлага, удирдах зөвлөлөө халчихвал шинэчлэгдээд явчих юм байх. Халж сольж үзээгүй биш хангалттай олон сэлгээ хийсэн шүү дээ, Ардын нам. Харин ч эсрэгээрээ намын бодлого, гишүүд дэмжигчдийнхээ ухамсар сэтгэхүй, ууж идэхийн “донгоо” засчихвал шинэчлэл гэж харагдана. Шинэчлэл гэхээр л заавал залуучууд хийдэг ч зүйл биш.
Ардын нам өмнөх хоёр ч удаагийн ялагдлын дараа ийм тооны хувь, ийм их хүний санал авч чадсан нь үнэндээ бол намын удирдлага зөв чиглэл рүү явж эхэлсэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Тэд энэ намыг ийм тооны санал зулгаах ажлыг хийж чаджээ. Харин хатуухан хэлэхэд эдгээр шинэчлэл ярьсан залуус нэг хүний саналыг олж ирэхийн тулд хуруугаа хөдөлгөсөн үү гээд яривал их юм ярих байх шүү.
Сэтгүүлчийг шүүхэд өгч, уул хадаар тэнэж баавгай агнасан хэрэгт унаж яваа “савсагнуур” залуус шинэчлэл хийчихнэ гэдэгт итгэж өгөхгүй байна. Цаг зуурын нөхцөл байдлыг ашиглаж түүнээс “од шүүрэх” гэсэн ахархан бодол тээгсэд намын удирдлага руугаа учраа олохгүй бөөрлөн дайрч байгаа үйлдэл гэж харагдахаас шижигнэсэн залуусын сэтгэл гаргасан шинэчлэл гэж харагдахгүй л байна даа.
Тэгээд ч энэ олон удаагийн сонгуулийн хэдэд нь ямар үр дүн гаргаж, ямархуу нөмөр нөөлөгтэй оролцсон нөхдүүд шинэчлэл ярьж байгаа вэ гэдгийг намын удирдлагууд нь эрхбиш гадарлаж суугаа биз. Шинэчлэл ярьж худлаа шоудаад тэд намынхаа нэр хүндийг унагаж байсан уу гэхээс ялуулахын тулд хуруугаа хөдөлгөж байсныг сэтгүүлч миний бие тун ч хомсхон санаад байна.
Шинэчлэлийн хороо гэх жагсаалтад нэрсээ бичүүлсэн Хан-Уул дүүргийн МАН-ын дарга Л.Энх-Амгалан, бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүд эхлээд “Бид энэ намын төлөө юу хийж байсан, гурван шатны сонгуульд ялуулахын тулд ямар хувь нэмэр оруулсан билээ” гэдгээ бодоод үзвэл. Мөн УИХ-ын сонгуулиар хавтгай ялагдсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хэмжээний санал авч, эн тэнцүүхэн өрсөлдөөн гаргаж чадсан амжилтыг нь эхлээд үнэн зөвөөр нь үнэлэх, сайшаахаас шинэчлэл эхэлмээр.
Харин дараа нь ялагдал юунаас болов гэдгийг удирдлага, удирдах зөвлөлтэйгээ хамтран олж, түүнийг арилгахын төлөө гар бие оролцон зүтгэвэл жинхэнэ шинэчлэл болох учиртай гэж сэтгэнэм. Хэвлэлийн хурал зарлаж хэдүүлээ суугаад намаа, намын удирдлагаа муулах, хэвлэл мэдээллээр ярилцлага, мэдэгдэл гаргаад л нам шинэчлэгддэг юм биш. Алдаа оноо, хатуу хүтүү олныг үзэж байж энэ том нам шинэчлэгдэнэ.
Бүгд нэг санаа, зорилгын төлөө зориглож чадвал хүсээд байгаа шинэчлэл гэдэг нь хийгдэнэ. Түүнээс биш ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр энэ намын ачаар энэ өндөрлөгт хүрснээ мартан өмнөх түүх рүүгээ их буугаар галлах шаардлага эдгээр залууст байхгүй.
Их буугаар галлах шалтгаан ч тэдэнд алга. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хариуцлага хаанаас эхэлж алдагдсан, удаа дараагийн ялагдал юунаас болсон бэ гэдгийг нарийвчлан шүүх болно хэмээсэн байна. Мөн хэрвээ хариуцлага алдаж, саналыг нь унагасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ ч хэлсэн байна лээ.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ дүүрэг, сумдын намын үүрээр хэлэлцүүлсэн, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнийхээ саналаар оруулан дэвшүүлж, намын дарга нь жирийн гишүүндээ боломж олгоод явж байгаа нь Ардын нам шинэчлэгдэж эхэлжээ гэдгийг харуулж байгаа хэрэг гэж бодоод байна.
Харин төсвийн мөнгөөр гараа угаасан эрхэм гишүүд, эрх мэдэлтэн албан тушаалтан болгоны алдааг нэг нам, нэг удирдлагад нялзааж, шинэчлэгдээгүй гэж шалтаглаж буруу бүхнийг тухайн үеийн удирдлага руу чихэх хэрэг алга.
Шинэчлэгдээгүй гэж шүүмжлүүлж байгаа энэ намын алдаа оноог ярихдаа хүрвэл ард түмний саналыг мөнгөөр худалдаж авсан ялд унаад байгаа эрхэм гишүүн сэтэртэн, эрх мэдэлтэй дарга болоод сууж буй нэр бүхий шинэчлэлийн хорооны гишүүдэд ч хамааралтай хэрэг. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад явах юм даа, хөөрхийс.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин