
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга Ч.Содномцэрэн 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Тэрээр "Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал /622.794 сонгогчийн/ буюу 50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж байна" гэдгийг онцлоод, "СЕХ олонхийн санал авсан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрээ өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. Энэ удаагийн сонгууль онцлогтой болсон. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ жил шинэчилсэн, анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгсөн, саналын хуудас дэвшигчдийн зураг, нууцлалтай байсан гээд олон давуу талтай байлаа. Хамгийн гол нь сонгуулийн үеэр ямар нэг зөрчил, дутагдал гарсангүй" гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
