Зургаан
наадамтай цорын ганц тив
Өргөн дэлгэр мань тивд өдгөө зургаан наадам зулай
зулайгаа гишгэн зохиогдож байна. Томоос нь гэвэл Өвөл, зуны Азийн наадам, дараа
нь Азийн Танхимын ба Тулааны Спортын Наадам, Азийн Элсний Спортын Наадам, Азийн
Өсвөр үеийнхний наадам, Зүүн Азийн наадам гээд л… Одоогоор дөрвөн жилийн
дотор ийм олон наадам зохиодог тив үгүй билээ. Харин манай жишгээр буурал тивийнхэн “ичсэндээ” 2015 оноос
Европын Наадмыг Баку хотноо зохиохоор болсон гэнэ. Гэтэл хар тивийнхэн маань
өдгөө бараг “Бүх Африкийн Наадам”-аа ч уламжлал ёсоор хийж чадахгүй, бөөн
хэрүүл маргаан, санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй сурагтай, зайлуул
“Битүү наадам” хэнд хэрэгтэй юм бол…
Өдгөө дэлхий дээр 200 гаруй спортын холбоо байдаг
урьдчилсан бүртгэл бий. Үүнээс азтай, зангарагтай 28 нь олимпийн алтан
хөтөлбөрт багтсан. Үлдсэн хэд нь бүгд л энэ жагсаалтанд орох алсын зорилготой,
ойрын төлөвлөгөөтэй байдаг нь нууц биш. Учир иймд, Азийн Олимпийн Зөвлөл
(OCA)-өөс санаачлан олимпийн бус төрөл атлаа тус тивийн залуучуудын дунд өргө
дэлгэр хөгжсөн спортын төрлүүдийн наадмыг хийхээр болсон юм. Энэ нь олимпийн
бус спортын төрлийг дэмжих, тэдэнд өөрийн гэсэн Наадам буй болгон урамшуулах,
Азийн том наадмыг зохион байгуулах бололцоогүй орнуудад бага наадам хийх боломж
олгон туршлагажуулах, спортын төрлүүдийг ялгаварлах үзлээс татгалзах, тивийн
залуу тамирчдын найрамдал, нөхөрлөлийг хөгжүүлэх ариун зорилготой хэмээн OCA
Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах онцлон тэмдэглэсэн юм.
Саланги ба нийлмэл наадам
Хамгийн анхны “Битүү Наадам” 2005 онд Тайландын
Бангкок хотноо “хөшгөө нээж” манайхаас усанд сэлэлт, аэробик зэрэг төрлөөр
өрсөлдсөн бол 2007 онд Макаод шатарччин Б.Гүндаваа хүрэл, цахим спортын
Ч.Билгүүн, Б.Лхагвасүрэн мөнгө, хүрэл, муай зодооноор У.Энхбаяр, М.Батжаргал
нар 3-р байрт шалгарч байлаа. Дөрвөн жилийн дараа Ханой хотноо болсон наадамд
цахим спортын баг, байт харвааны Б.Урантунгалаг нар мөнгө, кикбоксын Б.Наадам,
Г.Жавхлан, курашийн М.Дагвадорж, О.Лхагвахүү, цахим спортын контр страйкийн баг
нийт 5 хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Түүнчлэн 2009 онд анх удаа
Тайландын нийслэлд болсон Азийн тулааны спортын анхдугаар наадмаас курашчин
бүсгүй О.Лхагвахүү алт, жүдоч Д.Төмөрхүлэг, Д.Даваасүрэн, кикбоксчин Б.Наадам
нар дэд аваргаар тодорсон бол хүрлийн тавцанд Г.Гончигсумлаа, Б.Эрхбаяр (хоёул
кураш) нар жагссан билээ. Ийнхүү 2010 онд Азийн Олимпийн Зөвлөл (OCA)-өөс энэ
хоёр наадмыг нийлүүлэх шийдвэр гаргаснаас анх удаа нэгдмэл наадам нь Инчеонд
“нүүр хагарч” буй нь энэ билээ.
Бага наадмыг тас ч, томыг яадаг бол?
Нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхий сайд Жун Хон Вон,
Азийн Олимпийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Шейх Ахмад нар хүндэт зочдыг тэргүүлэн
оролцлоо. “СамСан” ордонд болсон нээлтэнд OCA гишүүн 44 орон төрийн далбаагаа
намируулан оролцсон бол ганцхан Хойд Солонгосынхон найрамдал нөхөрлөлийн энэ
наадмыг тасалсан нь харамсалтай. Хойтон жил Азийн том наадам мөн Инчеон хотноо
болно. Тэр наадамд Пёнянынхан бас ямар бодлого баримтлах бол хэмээн OCA, Зохион
байгуулах хорооныхон санаа түгшин байсныг ажиглав. 1986 онд Сөүл хотноо болсон
Азийн Наадамд Монгол, Хойд Солонгос, Вьетнам улс улс төрийн шалтгаанаар бойкот
хийсэн гашуун түүхтэй билээ.
Бөх, боксчин “чимэгтэй” сэтгүүлчид
Тус наадмыг сурвалжлахаар 1200 гаруй гадаад,
дотоодын сурвалжлагч хүрэлцэн иржээ. Үүнээс 180 гаруй нь харь орныхон бөгөөд
манайхаас Спортын Сэтгүүлчдийн Холбооны шинэ Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ETV-ийн
С.Шижирбат, МОНЦАМЭ-ийн Д.Өлзийсайхан нар галын шугам дээр ажиллаж байна.
Шижирээ маань багадаа Д.Оюунболд гавьяатын чөлөөт бөхийн секцэнд хөлсөө гаргаж
явсан бол ахмад сэтгүүлч Өлзий залуу зандан цагтаа Х.Алтанхуяг багшийн
удирдлагаар боксийн спортоор 7-8 жил хичээллэсэн гэнэ.
Монголчууд тулаанаа эхэллээ
Одоогоор бильярд, муай, шатар, усанд сэлэлт, цахим
зэрэг тэмцээн эхлээд байгаа бөгөөд кураш барилдааныхан сүүл мушгих юм. Монголын
багийн ахлагч, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин зодооны төрөл, цахим спорт,
кураш, шатрынханд илүү найдаж буйгаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Хамгийн анх манай
тулаанч Гантогтох Жэки Чаны нутгийн тамирчинг ялсан бол бильярдын Отгоо Ираны
бүсгүйг илт илүүрхэн 2 үед хожиж явснаа, оноо алдсаар хожигдсон нь харамсалтай.
Ашгабат бэлдэж байна
Дараагийн наадам 2017 онд Туркменистан улсын
нийслэл Ашгабат хотноо болно. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, лалын
шашинт энэ улс түүхэндээ хамгийн том наадмаа нэр төртэй зохиохын тулд их хүч
хөрөнгө гарган, өдгөө олон том спортын цогцолбор бүтээн байгуулж буй гэнэ.
Хуучин ЗХУ-ын харьяанд байхдаа байт харваач З.Рустамова олимпоос медаль авч
байсан бол 1990 оноос өрх тусгаарлаад медалийн сураг тасарсан юм. Улсынх нь
Ерөнхийлөгч ҮОХ-гоо удирддаг хуруу дарам, дарангуйлалтай орны нэг нь
Туркменистан бөгөөд Г.Бердымухамедов хаан бүх асуудлыг шийддэг ажээ. Ийм орны
тоонд Азербайжан, Беларус ордог билээ.
ОТО