Уг тоглолтын өмнө Испанийн шигшээ баг 29 тоглолт дараалан хожигдоогүй гэх гайхалтай үзүүлэлттэй талбайд гарсан ч энэ орой эзэн орны шигшээ илүү байлаа. Тоглолт эхлээд дөнгөж хоёр минут орчим хугацаа өнгөрч байхад Бразилын Фред гоолдсон бол хоёр дугаар үеийн эхэнд буюу 47 минутад тэрээр дахин хоёр дахь гоолоо оруулсан юм. Харин Бразилийн өсч яваа од Неймар эхний үеийн төгсгөлд гоол оруулж, эзэн орныг ялалтад хөтөлжээ.
“Өнөөдөр хөлбөмбөгийн гайхалтай орой байлаа. Бид хөлбөмбөгийн хоёр том гүрний тулааныг харсан. Бразил улс самба стиль гэдгийг дэлхий нийтэд харуулж, үзүүштэй тоглолт бэлэглэж чадлаа. Эсрэгээрээ ялагдашгүй Армадачуудын тоглолтын арга барил нэг л болж өгсөнгүй. 2010 оны дэлхийн аваргад Швейцарт 1:0-ээр хожигдсоноос хойш ялагдал амсаагүй багт Бразил хүнд цохилт өглөө” хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтэн Алан Хансен ярьжээ.
1992 онд Фахдын цом нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн “Холбоодын цом”-ын тэмцээнд Бразил улс дөрвөн удаа, Франц улс хоёр удаа түрүүлж байсан юм. 2005 оноос хойш “Холбоодын цом”-ын тэмцээнд бразилчууд гурван удаа дараалан түрүүлээд байна. Энэхүү тэмцээний мэргэн буучийг Испанийн шигшээн Фернандо Торрес, Бразилийн Фред нар тус бүр таван гоолтой эзэмшсэн юм.