
Улсын наадмын өмнө болдог наадмын сорилго барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Баяр наадмын өнгө, бөхчүүдийн бяр хүчийг шинждэг сорилго барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Бадам-Очир, Н.Батзаяа нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх барилдсанаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, улсын начин Б.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тэс сумын харьяат, “Завхан” дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, “Шинэ Ази майнинг” группийн бөх, улсын начин Л.Нямсүрэн үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Пума” группийн бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс, “Макс” группийн бөх, улсын начин Б.Сангисүрэн нар үлджээ.
Энэ барилдаанаар 2012-2013 оны наадмаас наадмын хоорондох барилдаан өндөрлөж, жилийн барилдааны хаалтаа хийж байгаа юм. МҮБХ энэ удаагийн барилдааныг А”рд даатгал” компанитай хамтран зохион байгуулжээ.
Б.ЭНХ