Хуучин байрны үнэ хэлбэлзэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Хуучин байрны үнэ хэлбэлзэх үү?

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлснээр хуучин байрны үнэ тэнгэрт хаджээ. Ердөө нэг өрөө хуучин байр худалдан авахын тулд 34 сая төгрөгийн зээл авах шаардлагатай болох нь. Байршлыг нь сонирхвол, Ханын материалд учраас хамгийн бага үнэтэй байгаа нь энэ аж. Хотын төв рүү дөхөх тусам үнэ чангарсаар 70 сая төгрөгт тулав. Ердөө нэг өрөө байр шүү дээ. Гэхдээ нийслэлчүүд нэг өрөө хуучин байрны төлөө 70 сая төгрөгийн зээл авахыг яаравчлахгүй байна.

Энэ нь нэгдүгээрт, бага хүүтэй орон сууцны зээлээс үүдэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл ирэх намраас бууна гэсэн эдийн засагчдын тайлбарт илүү итгэл үнэмшил өгч эхэлсэнтэй холбоотой бололтой. Нөгөөтэйгүүр, хуучин орон сууцны үнэ шинэтэй эн зэрэгцэхүйц үнээр үнэлэгдэх болсон нь худалдан авсан нөхцөлд хэд, хэдэн эрсдлийг бий болгож болзошгүй аж. Өнгөрсөн жилүүдэд Мэргэжлийн хяналтын газраас олон тооны орон сууцнуудын ашиглалтын хугацаа дуусч буй тухай мэдээлдэг байв. Одоо харин энэ мэдээллийг олон нийтэд дахин сануулах цаг нь болжээ. Ингэхдээ насжилтаар нь мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал болохыг онцлох хүн цөөнгүй байна. Насжилт өндөртэй барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй нурах аюултай бол зарим байр зуны бороог “даахгүй” дээврээс нь дусаал гоожиж тав тух алдуулдаг гэнэ. Өвөл нь хаалга, цонхноосоо эхлээд цанатаж осгоох шахдаг. Ийм байранд амьдрагсдад өвлийн цагт үстэй дээл л хамгийн их үнэд ордог сураг дуулдлаа. Дулаан суухын тулд зарим оршин суугчид халаагуур залгаж өвлийг давахаас аргагүйд хүрдэг ч дараа нь цахилгааны төлбөр нь өндөр гардаг гээд тоочвол хуучин байрны зарлага ихсэх бололтой, худалдан авсан нөхцөлд. Дээр нь орц руу нь ороход ч авах юмгүй, үнэр танар аймшгийн, хог новш ч хөлөөр нэг хөглөрдөг байна. Шинэ орон сууц бол дэргэд нь өөр аж. Орчин үеийн шийдлийг дагаад харуул хамгаалалттай болсны зэрэгцээ олон зүйлээрээ давуу талыг олгох болжээ. Хэдийгээр ийм орон сууцны үнэ өндөр ч хуучин сууц нэгэнтээ өндөр ханштай тул шинийг сонгосон нь зардал бууруулаад зогсохгүй тав тух хангахыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө.

Мөн нэг сайн мэдээ дуулдах болсон нь Засгийн газартай хамтран гэрээ байгуулж ажиллаж буй үндэсний компаниудын барьж байгаа барилга чанараараа 1 м2 нь 2000 ам.доллараар үнэлэгдэх орон сууцнаас ч давуу болохыг мэргэжлийн хүмүүс тодотголоо. Үндэсний компаниудын барьж байгаа орон сууцны 1 м2-ын үнэ 1 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тодруулж хэлбэл, 56 м2 хоёр өрөө орон сууц 56 сая төгрөгөөр зарагдана. Урьдчилгаа 30 хувийг төлөхийн тулд 19 сая төгрөг шаардагдана. Дундаж орлоготой өрхөд зориулагдсан энэхүү орон сууц “Чингис хаан” олон улсын нисэх рүү явах замд баригдаж байгаа бөгөөд эхнийх нь ирэх намар ашиглалтад орох юм байна. Хэрвээ хуучин 56 м2 орон сууц худалдан авах бол 90 сая төгрөгт тулна. Ийм байрны урьдчилгаанд 27 сая төгрөг төлнө. Тэгсэн ч сар тутамд төлөх зээлний үнэ өндөр тусна. Харин 1м2 нь 1 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцны хувьд урьдчилгаа болоод сард төлөх төлбөр нь хямд тусч буй юм. Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдэж байгаагаар эрэлт, нийлүүлэлтэд нэг их санаа зовох шаардлагагүй, энэ жил 35 мянга орчим айлын орон сууц шинээр ашиглалтад орох аж. Энэ нь ирэх намраас шинэ байр ашиглалтад орохоор хэрэгцээ хангагдаж түүнийгээ дагаад хуучин байрны үнийн хөөс буурахад нөлөөлөх юм байна.  Нөгөөтэйгүүр, Засгийн газраас иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогыг тасралтгүй үргэлжлүүлнэ. Дэд бүтцийг татахад “Чингис бонд”-оос хөрөнгө гаргаж өгсний зэрэгцээ газрыг үнэгүй олгосон. Барилга барихад хамгийн их хэрэглэгддэг түүхий эд болох арматур, цементийг дотооддоо үйлдвэрлэж үнийн өсөлт гаргахгүй байх чиглэлд үндэсний үйлдвэрүүддээ хямд зээл олгосон нь дээр өгүүлсэн 1 м2 нь 1 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц баригдах боломжийг нээж өгчээ. Энэхүү бодлогын дүнд Засгийн газартай хамтран гэрээ байгуулсан барилгын компаниуд нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Баянзүрх дүүрэгт 10 мянган айлын орон сууц барихаар ажлаа эхлүүлсэн бол Сүхбаатар дүүргийн долоо, 11 дүгээр хороололд мөн орон сууц баригдаж байна. Хархорин захын баруун урд талд Эрин хотхоны шав тавигдсан, энэхүү хотхоныг тойроод сургууль, цэцэрлэг нэмж баригдана. Эхний орон сууц мөн л ирэх намар ашиглалтад орохоор хугацаа товлогджээ. Ханын материал орчмыг дахин төлөвлөлтөд оруулж хотын захиргаа болоод орон сууцны хороолол баригдахаар ажил эхэлсэн байна. Харин энэ бүхэн нь хуучин орон сууцны эрэлт буурч тэр хэрээр үнийн хөөсрөл буухад нөлөөлөх гэнэ. Мөн гэр хорооллыг барилгажуулснаар төртэй хамааралгүйгээр орон сууц барьж байгаа компаниудын хувьд ч үнэ дээрээ одооноос эхэлж анхаарахгүй бол хэтэрхий өндөр сууцыг нь худалдан авагч олдохгүй эрсдэл хүлээж болзошгүйг сануулах эдийн засагчид бас байна. Дахин сануулахад, хамгийн эхэнд хуучин орон сууцны үнэ навс бууна гэсэн шүү.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж