УИХ завсарлагаас урьтаж юу амжуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

УИХ завсарлагаас урьтаж юу амжуулах вэ?

Хорь шахам хоногийг Ерөнхий­лөг­чийн сонгуульд зарцуулсан эрхэм түшээд үлдэж байгаа хоногт тун шаргуу ажиллах болох нь. Тэр тусмаа цөөнх олонхитойгоо зөвшилцөж, завсарлага авдаг зангаа татахгүй бол чухал төсөл намрын чуулган руу шилжиж, цаг хугацаа алдсаар байх нь. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага ажлын тав хоног үргэлжилдэг дагуу энэ баасан гаригт уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлээд УИХ завсарлах болж байна. Уг нь энэхүү хуулийн төсөл батлагдвал шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх алба тусдаа бие даан байгуулагдаж, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх ажиллагааг явуулахад олон улсын жишигт хүрсэн аргачлалаар явуулах бололцоо нээгдэх байв. Харамсалтай нь, асуудал намрын чуулган руу шилжих нь тодорхой боллоо.

Одоо хаврын чуулганаар амжиж батлах төслүүдийн талаар тоймлоё. Мягмар гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн тангараг өргөх асууд­лыг хэлэлцэн, УИХ пүрэв гаригт ёсчлон батлах юм. Ингэснээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж албаа үргэлжлүүлэн хаших тангараг өргөнө.

УИХ-аар батлах хоёр дахь төсөл нь Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан юм. Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулав, цаашид анхаарах асуудал юу байна вэ гэдгийг Үндэсний аудитын газраас энэ асуудлын хүрээнд тайланг тавьж, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой асуудлыг хөндөж буй. Тухайл­бал, өнгөрсөн онд Банк даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 19, Алт олборлож буй 13, Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 2, НӨАТ-ын 0 хувьтай экспортын уул уурхайн эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэгч 6, Монгол Улсад 2 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч үйл ажиллагаа нь жигдрээгүй 25 аж ахуйн нэгж байгууллагыг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулсан. Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлт нэг их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 70 гаруй хувь нь зөвхөн НӨАТ-ын чөлөөлөлт. Тиймээс цаашид энэ талын зохицуулалтыг хийх шаардлагатай гэгдэж буй юм.

Цаг хугацаа давчуу ч батлагдах боломжтой төсөлд Мар­шалын албаны тухай багц хуулийг нэрлэж болно. Маршалын алба нь шүүг­дэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа болон оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхээс гадна хорих байгууллагад ялтны зүгээс бусдыг барьцаалах, өмч хөрөнгө эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн зэрэг нөхцөл байдлын үед холбогдох байгууллагаас хүсэлт гаргавал тэдгээрийг эрэн сурвалж­лах, таслан зогсоох арга хэмжээ авах юм. Тухайлбал, хорих ангид үүссэн онцгой нөхцөл байдлын үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн хүчээр зогсоох боломжгүй тохиолдолд бусад хууль сахиулах байгууллагаас дэмжлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Маршалын алба бусад эрх бүхий байгууллагаас /Цагдаа, ШШГБ/-аас давуу эрхтэйгээр оролцон удирдлагаар хангаж ажиллах юм. Одоо мөрдөж байгаа хуульд хорих ангид үүссэн онцгой нөхцөл байдлын үед ямар байгууллага нь яг ямар эрх үүрэгтэй ажиллах талаар тодорхой тусгаагүй байгаа тул энэхүү орон зайг нөхөж дээрх заалт оруулсан билээ.

УИХ-ын хаврын чуул­ган завсарлахаас урьтаж батлаг­дах боломжтой дараа­гийн төсөл нь Ойн тухай хуулийн төсөл юм. Байнгын хорооноос уг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарч, гишүүдийн дэмжлэг хүлээвэл энэ баасан гаригт хууль батлагдана. Өнгөрсөн оны УИХ-ын сонгууль болохын өмнө парламентаас Ойн тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин энэ удаад уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон нь зарим нэг зохицуулалтгүй үлдсэн асуудлыг тодорхой болгоход оршиж буй. Тэр дундаа ойг хамгаалахад тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн нөхөрлөлүүдийг байгалиа хамгаалахад идэвхитэй оролцох үүргийг өсгөхөд төслийн ач холбогдол оршжээ. Нөгөөтэйгүүр, хөдөөгийн иргэдэд ойг цэвэрлэж түлээний мод бэлтгэх боломжтой. Чингэхдээ түлээ бэлтгэх эрхийг сумынхаа ИТХ-аар шийдвэрлүүлэх бус зөвхөн байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авдаг байхаар зохи­цуул­сан юм. Ийм зохицуулалт хийсэн нь сумаасаа зарим тохиолдолд 100 гаруй км нутагт зусч, намаржиж, өвөлжиж байгаа малчдын хувьд цэвэрлэсэн ойгоос гарсан модыг түлшинд хэрэг­лэхийн тулд дарга нарыг царайчлах шаардлагагүй болох юм.

Г.ДАРЬ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж