
Хэдэн арван мянган египетчүүд зургадугаар сарын 28-ны өдөр Египетийн хотуудын гудамжнаа гарцгааж, ерөнхийлөгч Мохаммед Мурсийг огцрохыг шаардлаа. Сөрөг хүчин ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойгоор хийх эсэргүүцлийн ажиллагаагаа энэ сарын 30-нд эхлэх ёстой байсан ч хүмүүс өмнөх өдрүүдээс жагсч эхэлсэн байна. Исламын удирдагч нарын эсрэг хийж буй жагсагчидтай Засгийн газрыг дэмжигч талынхан мөргөлдсөний улмаас Александрия хотод нэг хүн үрэгдсэн ба хэдэн арван хүн шархаджээ. Мөн Америкийн гэрэл зурагчин цээжиндээ хутгалуулсны улмаас нас баржээ.
Бас нэг жагсагч Египетийн хойд муж Шаркияд амь үрэгдэв. Уг мужид наад зах нь 30 орчим хүн шархадсан байна.
Каир хотын Тахрирын талбайд жагсагчид майхант хотхон босгожээ. “Аль-Жазира” телевиз мэдээлснээр сүүлийн хэд хоногийн үймээний улмаас дөрвөн хүн алагдаж, 400 орчим хүн шарх, бэртэл авсан байна.
20 сая гарын үсэг цуглуулав
Мурсийг ерөнхийлөгчөөс огцруулж, шинэ сонгууль явуулахын төлөө хийж байгаа эсэргүүцлийн ажиллагааны өмнө сөрөг хүчин 20 сая хүний дэмжлэг бүхий гарын үсгийг цуглуулсан байв. Сөрөг хүчний “Үндэсний авралын фронт” эвслийн лидер Мухаммед аль-Барадеи өнгөрсөн пүрэв гаригт ерөнхийлөгчтэй хэлэлцээрт орохоос татгалзан, шинэ сонгууль явуулахын төлөө гэж мэдэгдсэн байв.
Өнөөгийн ерөнхийлөгчийн талынхан ч тус орны томоохон хотуудын гудамжинд гарч, засгаа дэмжлээ. Тэдний цуглаан дээр тэд Мурси бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ерөнхийлөгчөөр үлдэнэ гэж мэдэгдсэн байлаа.