Тус намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, ноён Б.Бат-Эрдэнэ нийт сонгогчийн 40 гаруй хувийг өөртөө татаж чадсан нь намын гэхээсээ илүү өөрийнх нь “цэвэр” нэр хүндтэй холбоотой. Түүнийг үндэсний бөхийн аварга, нэр хүндтэй тамирчнаас гадна өнөөгийн хариуцлагагүй уул уурхайн нөхцөл байдлыг ил тодоор шүүмжилж, нутаг усандаа санаа зовсон үйлдэл нь орон нутгийн иргэдээс цөөнгүй санал авах шалгааны нэг байв. Эрүүл мэндийн сайд, хатагтай Н.Удвалын хувьд ч гэсэн “муугүй” амжилтыг үзүүлэв. Тэрбээр Монголын төрийн тэргүүний сонгуулийн түүхэнд “анхны” эмэгтэй нэр дэвшигч гэдгээр үлдээд зогсохгүй олон нийтийн санаа бодлыг өөртөө татаж чадах, цаашлаад эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрэх “боломжтой” гэдгийг нотлов. Түүнийг манай хэвлэлийнхнээс илүү гадны нэр хүндтэй агентлагууд илүү ихээр сонирхон бичиж байсан нь үнэн билээ.
Харин Ардчилсан намынхан тус сонгуульд анхнаасаа “зөв менежмент”-тэй оролцож чадлаа. Тэдний цагаа олсон эрчимтэй сурталчилгаа, тэр дундаа залуу үеийг өөртөө татаж чадсан явдал нь Ц.Элбэгдоржид “илүү оноо” олгох боломжийг бүрдүүлэв. Тэрбээр өөрөө болон намын нөхдийн хамтаар оюутны 70 мянган төгрөг, архигүй Монгол хөдөлгөөн, залуусыг гадаадад сургах, иргэний танхим ажиллуулсан, хэвлэлийнхэнд илүү ойртсон, авлигыг тойрсон хэргүүд, Засгийн газрын бонд, шатахууны үнийн хямдрал, зэсийн баяжмалын экспорт, иргэдээ сонсох төвийг нээсэн, төрийн албаны хүнд суртал багассан, хавтгайрсан халамжийг зогсоосон, хотын түгжрэлийг сааруулсан, зам завсарын их ажил, интернэтийн үнийг бууруулсан, 8 хувийн орон сууцны зээл зэрэг ажлыг хийж эхэлсэн нь үндсэндээ “аварсан” гэхэд болно.
Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялах нь эхнээсээ тодорхой байсан. Үүнийг сөрөг хүчин болох МАН, МАХН-ныхан сайтар мэдэж байсан нь хэд хэдэн үйлдлээр нь “гэрчлэгдсэн”. Аваргын хувьд журмын нөхдөө бодвол арай л нэр цэвэр байсан учир Ардчилсан намын тооцоолсноос илүү амжилтыг гаргаж чадлаа. Товчхондоо тэр тийм том улс төрийн интеграцаас нэр дэвших эрх авч, өнөөдрийн хамжээнд өрсөлдөнө гэдэг бол бахархаж болохоор үзүүлэлт гэдэгтээ хэн ч маргахгүй. Сонгуулийг үр дүнгээр нь үзвэл өмнө нь нэг нам байсан МАН, МАХН яалт ч үгүй өөрсдөд нь итгэл хүлээлгэсэн иргэдийн саналыг хуваасан нь тодорхой “харагдав”. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж 50.23, Б.Бат-Эрдэнэ 41.97, Н.Удвал 6.5 хувийн санал тус тус авсан нь "Ах" намын задрал /50=43+7/ өдгөө болоод ирээдүйд ч “үр өгөөжөө” өгөхгүй гэдгийг нь ойлгомжтой хэлэв. Мөн санал өгөх эрхтэй нийт иргэдийн 35 хувь нь энэ удаагийн сонгуульд оролцоогүй явдал нь сүүлийн 20 жилийн /6 дахь удаагийн/ Ерөнхийлөгчийн сонгууль дахь хамгийн доод үзүүлэлт болов.
Гэхдээ зарим мэдээллийн хэрэгслээр цацсан шиг Ц.Элбэгдоржийг “тасархай түрүүлнэ”, “торойно доо торойно”, “үнэмлэхүй амжилт гаргана” гэж байсан ч хараахан тийм байж чадаагүйг “шударгаар” хэлэх ёстой болов уу. Тэрээр саналаа өгсөн нийт сонгогчийн 50 хувийг дөнгөж давснаар Ерөнхийлөгчийн сэнтийд дахин суулаа. Түүнийг нийт сонгогчийн 70 болон түүнээс дээш хувиар ялалт байгуулна гэж нам болон дэмжигчид үзэж байсан ч нийт иргэдийн тал нь эсрэг сонголт хийсэн нь “нэгийг хэллээ”. Тодорхойгоор бичвэл иргэдийн тал хэсэг нь АН-д тийм ч “итгэлтэй биш” байгааг илтгэв.
Шуудхан хэлэхэд, зарим иргэн МАН-ын өнөөгийн доройтол болон тэдний МАХН-тай хийж буй хэрүүлээс залхсандаа л өгсөн болохоос Элбэгээд хайртайдаа өгөөгүй болох нь “гашуун үнэн”. Үнэндээ Ц.Элбэгдорж илт давуу ялалт байгуулж чадаагүй нь өнгөрсөн жилийн хугацаанд та тийм ч сайн ажиллаагүй шүү /%-аар илэрхийлэх гэсэнгүй/ гэсэн иргэдийн зүгээс ирсэн “мэссэж” төдийгүй саналын зөрүүтэй хол гараагүй явдал нь түүнд болоод намынханд нэгийг бодогдуулсан нь лавтай. Тун удахгүй буюу гуравхан жилийн дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэр хүртлэх хугацаанд УИХ-ын дарга З. Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын захирагч Э.Бат-Үүл та бүхний хамтын ажиллагаа иргэдийн амьдрал дээр хэрхэн буухаас ирэх сонгуулийн үр дүн “хэмжигдэнэ”.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжуулах олон асуудал шил шилээ даран хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай. Хамгийн гол нь нийгэмд шударга ёс тогтоохыг тулд илүү эрчтэй, хүний, өөрийн хэмээн алагчлалгүй үүрэг, хариуцлага хүлээлгэж чадвал найман жилийн дараа “Үндэсний баатар” болохыг үгүйсгэхгүй. “Шударга л байцгаая даа”, “Авлигачдын нуруу бөхийж, ардын нуруу тэнийнэ”, “Ард түмний Ерөнхийлөгч байна” гэсэн амлалтаа гүйцэд хэрэгжүүлээрэй. Танд 2017 онд төрийн тэргүүний сонгуульд дахин өрсөлдөх эрх хуулиар байхгүй учраас ажлаа хийсэн шиг хийж, улс орны эцэг байх үүрэг даалгаврыг олон түмний зүгээс өглөө гэдгийг цаг үргэлж санаж яваарай.
Мөн Ерөнхийлөгч та өрсөлдөгч намуудтайгаа арсалдах бус дэлхийн дайтай сэтгэж, тэдний чихийг дэлдийлгэн, бүс нутаг, тив дэлхийдээ үлгэрлэх хэрэгтэй. Эх орноо худалдаж буй авлигачдыг хүний, өөрийн гэж ялгалгүй хариуцлага тооцоорой. Намын нэрээр бүлэглэн идэж уудаггүй, намын нэр хүнд гэж гэмээ нууж, гэмтэй нэгнээ өмөөрч хаацайлдаггүй ил тод арга хэмжээ аваарай. Төрийн албан хаагчид шат шатандаа шударга үнэнчээр ажиллах механизмийг бий болгож, эргээд тооцох үүрэг хариуцлага, хяналт шалгалтыг чангатгаарай. Улс орон, ард түмэндээ буруу санасан бүх булхайг цэвэрлэж, нэр цэвэр, сэтгэл амгалан болгож, Монгол хүн эх орондоо айх аюулгүй, эрүүл саруул, мэдлэгтэй боловсролтой, ая тухтай ажиллаж амьдрах ард түмнийхээ тэрхүү хүслийг цаг ямагт анхааралдаа авч, ажил үйлсээрээ харуулж “ажиллаарай”.
Таньд амжилт хүсье ноён Ерөнхийлөгч өө…
2013.06.27