-Танай компанийн 15 жилийн ой энэ жил тохиож байна. Юуны өмнө баяр хүргэе. Арван таван жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Мобиком Корпорацийн гол ололт амжилт юу вэ?
Манай компанийн үйлчилгээгээ эхэлсний 15 жилийн ой бол зөвхөн Мобиком группийн баяр биш. Хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдийн бүгдийнх нь баяр. Иймд хамгийн түрүүнд хэрэглэгчиддээ болон хөрөнгө оруулагчид, хамтарч ажилладаг түншүүддээ баярлалаа гэж хэлье. 15 жил гэдэг тоон утгаараа бага сонсогдож магадгүй ч томоохон бүтээн байгуулалт хийж болох хугацаа гэдгийг бид харуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар бид Улаанбаатар хот, аймгийн төвүүд, сум сууринг оруулаад нийтдээ 373 газарт буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарсан Үндэсний үүрэн телефоны сүлжээ, дэд бүтцийг байгуулж Монгол Улсынхаа хүн амын 93 орчим хувьд орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан үйлчилгээгээ хүргэх боломжийг бүрдүүллээ. Энэ бол чамгүй амжилт, томоохон хөрөнгө оруулалт, олон хүний оюун ухаан, хөлс хүч шингэсэн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
-Мобиком Корпораци анх байгуулагдсан түүхээс дурьдвал?
-Мобикомыг Монгол Улсын Ньюком ХХК санаачилан Япон улсын Сумитомо Корпораци, KDDI компанитай хамтарсан хөрөнгө оруулалт хийж байгуулсан. Компанийн менежментийг монголчууд бид өөрсдөө хийсэн одоо ч тийм байгаа. Мобиком Корпораци байгуулагдаж байх тэр үед буюу 1995 онд үүрэн телефон холбоо дэлхий дахинд дөнгөж л хөгжиж эхэлж байсан ч Монголчууд үүнээс хоцроогүй. Гадаадын томоохон хөрөнгө оруулалт хувийн хэвшилд анх удаа хийгдсэн төдийгүй, түүнийг дагаад шинэ техник технологи, зах зээлийн шинэ менежмент Монголд орж ирсэн. Манай харилцаа холбооны салбар бол бусад салбаруудаасаа хамгийн түрүүнд либеральчлагдаж, төрийнхөө ачааг хувийн компаниуд нь үүрээд, өөрсдөө томоохон хөрөнгө оруулалт олж хийдэг салбар болох эхлэл ингэж тавигдсан юм. Монголчууд Мэдээлэл харилцаа холбооны дэлхийн түвшний шинэлэг, шилдэг технологи, үйлчилгээг цаг алдалгүй хэрэглэдэг болж эхэлсэн нь зөвхөн харилцаа холбооны салбарт гэлтгүй Монгол Улсад гарсан том дэвшил, түүхэн үйл явдал болсон.
-Ньюком ХХК-ийн талаар товч танилцуулна уу?
-Ньюком ХХК нь 1993 оны 05-р сард холбооны тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, ашиглалт үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр байгуулагдаж байсан бол одоо 8 охин компаниудаас бүрдсэн хөрөнгө оруулалтын Ньюком Групп болон хөгжиж агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгийн менежментийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
-Арван таван жилийн хугацаанд улсад хэдий хэмжээний татвар төлсөн бол?
-Шинэ бизнес анх эхэлж байхад нэлээд эрсдэлтэй, гадаадын том хөрөнгө оруулалт гэдэг утгаараа эхний таван жил татвараас хөнгөлж байсан юм билээ. Анхны жилдээ 881 хэрэглэгчтэй болсон байх жишээтэй. Хөрөнгө оруулалт өгөөжөө тодорхой хэмжээгээр өгч эхэлсэн үеэс өдий болтол нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг татварт төлөөд байна. Мэдээлэл харилцаа холбооны салбараас улсад төлдөг татвар, шимтгэлийн 70 орчим хувь, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 80 хувийг Мобиком дангаараа бүрдүүлдэг. 1996 онд 24 хүнтэй үйл ажиллагаагаа эхлэж байсан компани өнөөдөр 8 охин компанитай бизнесийн Групп болтлоо өргөжиж, 1400 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна манай бүтээгдэхүүний гэрээт борлуулагчид 11 мянга гаруй хүн орон даяар ажиллаж байна.
-Ажлын байр, татвараас гадна компанийн нийгмийн үүрэг хариуцлага гэж бас бий. Энэ талаар яривал?
-Мобиком Корпорацын хувьд үргэлж шинэ технологи нэвтрүүлж, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгож хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ олсон ашгаасаа буцааж нийгэмдээ хувь нэмэр оруулах тал дээр анхаарч ажилладаг. Байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл олон хандив тусламж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Ялангуяа сүүлийн 6 жилд томоохон төсөл хөтөлбөрүүд болох: “Үдийн цай” жишиг төсөл, Сургууль цэцэрлэгүүдийн их засвар, Мэдээллийн технологийн загвар 24-р сургууль, Спортын иж бүрэн тохижилттой талбай, эмнэлэг төрөхөд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр жилдээ хориод төсөл хэрэгжүүлдэг байлаа. Харин 2009 оноос эхлээд олон салбарт бус тодорхой нэг салбарт илүү бодитой, үр дүнтэй хөрөнгө оруулах зорилго тавьсан. 2009 оны есдүгээр сараас орон даяар санал асуулга явуулж 280-аад мянган хүнээс санал авахад: “Монголын ирээдүй боловсролтой монгол хүнээс хамаарна. Мобиком боловсролын салбарт дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэж олон нийт боловсролын салбарыг онцолсон учраас бид энэ салбарт томоохон төслийг хэрэгжүүлж байна. Хотын бүх дүүргийн дунд шалгаруулалт явуулсны үндсэн дээр Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 19 сургуулийн 40-өөд мянган хүүхэд, хоёр мянгаад багшийг хамарсан “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг ашиглан багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж бүтээмжийг нь дээшлүүлэх, багш, сурагч, эцэг эхийн холбоог сайжруулах зорилготой юм. Энгийнээр хэлэхэд мэдээллийн технологийн иж бүрэн тоноглогдсон танхимд багш хичээлээ заахдаа шохой хэрэглэхгүй, презентэйшн танилцуулга хийх маягаар хичээлээ заана. Багшийн лекц, бүтээлүүд тодорхой өгөгдлийн санд байршсан байх учраас хүүхдүүд нь тодорхой шалтгаанаар хичээлдээ явж чадахгүй байлаа гэхэд гэрээсээ өөрийнхөө кодоор ороод багшийнхаа хичээлийг татаад авчихдаг, сургалтынхаа менежертэй ярьчихдаг, эцэг эх нь хүүхдийнхээ хичээл сурлагын байдал ямар байгааг өөрийнхөө кодоор ороод шууд хардаг гэх зэрэг олон давуу тал бий. Энэ төсөлд бид 600-гаад сая төгрөг зарцуулаад байна. Мөн орон нутагт анх удаа Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байна. Бидний дээр дурьдсан олон ажлуудын үр дүн гарч сүүлийн 6 жил дараалан МҮХАҮТ, ЗГ-аас шалгаруулдаг “ТОП-100” болон “Энтрепренер” шалгаруулалтуудаас Компанийн Нийгмийн Хариуцлагыг “Хамгийн сайн хэрэгжүүлэгч” байгууллагаар шалгараад байна.
-Мобиком одоо хэчнээн хэрэглэгчтэй, Үйлчилгээгээ яаж хүргэж байна вэ?
-Нэг сая хоёр зуун мянган хэрэглэгчтэй. Энэ бол идэвхитэй хэрэглэгчийн тоо. Мобиком Группын Борлуулалт үйлчилгээний Ньютел компани нь Группын компаниудын 170 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг Мэдээлэл холбооны нэг цэгийн “ТЕДИ” 5 төв, Улаанбаатар хот орон нутгийн үйлчилгээний 50 салбар, 11000 гаруй гэрээт борлуулагчдаараа дамжуулан нийт хэрэглэгчиддээ хүргэж байна.
-Арван таван жилд ингэж тогтвортой, амжилттай ажиллаж байгаа менежментийн “нууц жор” гэвэл юу байх вэ?
-Мобикомчуудын хувьд ололт амжилтын туршлагаа бусадтайгаа хуваалцаж, бусдад туслаж дэмждэг сайхан уламжлалтайг юуны өмнө хэлмээр байна.Манай амжилтын үндэс нь:
Нэгд, Манай компанид мэдлэг чадвартай, эрч хүчтэй, эвсэг хамт олон ажилладаг. Ажлын байрны шалгуур ч өндөр байдаг.
Хоёрт, гэвэл компанийн сайн засаглалыг анхнаас нь, жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх хөгжүүлэхийг зорьж ажиллаж ирсэн. Тийм ч учраас компанийн хөрөнгө оруулагчид, ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бизнесийн түнш, хэрэглэгчдийн хооронд шударга, ил тод байдлын зөв харилцаа тогтсон. Компанийн сайн засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж явдаг. Бизнесийн түнш маань зах зээл өндөр хөгжсөн орных учраас бизнесийн харилцааны ёс зүйтэй тогтолцоог анхнаас нь зөв тогтоож, Монголынхоо хууль дүрмийн хүрээнд ил тод, шударга, өрсөлдөх зарчмаар ажилладаг. Бид ёс зүйтэй бизнес хийе гэдэг зарчмаасаа 15 жилийн туршид хазайгаагүй.
Гуравт, Бид үргэлж мэдлэг бүтээж, шинэчлэлийг тэргүүлэх тэмүүлэлтэй ажилладаг.
Тэгэхээр Мобикомын хувьд амжилтаа хадгалж, ахиулаад яваагийн гол шалтгаан нь компанийн сайн засаглал, зөв менежменттэй холбоотой.
-Жишээ нь, зөв менежмент гэдэгт юу багтах вэ?
-Зөв менежмент гэдэгт амжилт авчирдаг удирдлагын олон арга барил, хэрэгслүүдийг авч үздэг. Ажилтнуудаа сэдэлжүүлж бүтээмж дээшлүүлэх, чанар сайжруулахад чиглэгдсэн олон улсын бизнесийн практикт үр дүнгээ өгсөн шинэлэг арга хэрэгслүүдийг өргөн ашигладаг. Манай компанид ажлын байрны соёл 5S, Кайзен саналын систем, Чанарын дугуйлангийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүнд бүх ажилтнууд идэвхтэй оролцдог юм. Өөрөөр хэлбэл ажилтан бүр өөрийн ажлыг яавал илүү бүтэээмжтэй, чанартай хийх талаар санал санаачлага гарган, түүнийг нь удирдлагын зүгээс урамшуулж идэвхжүүлдэг системүүд бий. Чанарын дугуйлан нь бүтээлч баг хамт олныг бүрдүүлж буй хэлбэр юм. Үүнээс гадна “Байгууллагын соёлын судалгаа”-г жил бүр хийж ,“Балансалсан Үнэлгээний Хуудас” /Balanced Score card/ төлөвлөлт үнэлгээний хэрэгслийг ашигладаг.
Мөн хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр, 2007 онд Азийн Бүтээмжийн Байгууллагаас “Үйлчилгээний загвар байгууллага” бий болгох төслийн уралдааныг 22 гишүүн орнуудын дунд зарлан шалгаруулалт явуулахад манай үйлчилгээний Ньютел компани сонгогдон, Сингапурын үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх төслийг олон улсын экспертүүдийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн юм. Та бүхэн сонссон байх, 2008 онд Азийн Бүтээмжийн Байгууллагын шинжээчид Монголд ирж энэ төслийн үр дүнд үнэлгээ хийн Мобиком Группийн Ньютел компани нь Сингапурын үйлчилгээний стандартыг /Service Excellence/ амжилттай нэвтрүүлснийг нотолж үйлчилгээний салбартаа “ЗАГВАР КОМПАНИ” болж чадлаа гэсэн батламжийг олгож, “SE-Загвар компани-Үндэсний семинар” хамтран зохион байгуулсан.
Мобиком корпораци 15 жилийн ойн босгон дээрээ ISO 9001:2008 төсөл хэрэгжүүлж Германы TUV Rheinland RUS Co.,Ltd-р баталгаажуулалт хийлгүүлэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2008 БАТЛАМЖ-ийг хүлээн авлаа. Энэ чиглэлд бид нэлээд туршлага хуримтлуулсан. Олон компани ISO стандартын нөхцөл, шаардлагыг хангах гэж ажиллаж байна. Мөн түүнчлэн манай Засгийн Газраас Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг бизнес, төрийн байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх санаачилга гарган бэлтгэл ажлууд хийж эхэлж байна. Стандартын асуудал өнөөдөр маш чухлаар олон улсын түвшинд тавигдаж, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээг ер нь хэрэглэхээ больчихоод байгаа. ISO стандартын ач холбогдол, энэ төслийг хэрэгжүүлэх үед олж авсан мэдлэг туршлага, амжилт, хүндрэл зэргийг олон нийтэд түгээе гэсэн утгаар өмнө нь ISO хэрэгжүүлсэн Говь ХК, Эрчим Хүчний Диспетчерийн Үндэсний Төв, MCS Азиа Пасифик Брюэри ХХК болон МҮХАҮТанхимыг оролцуулан “ISO Олон Улсын стандартын хэрэгжилт-Үндэсний семинар”-ыг 2011.04.14-нд амжилттай зохион байгууллаа. Энэ семинарт 140 гаруй байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцлоо.
-Бизнесийн зөв менежментийн үр дүн хэрэглэгчдэд яаж буух вэ? Жишээ нь, ISO Мобикомын хэрэглэгчдэд?
-ISO 9001 стандартын нөхцөл шаардлагыг хангаснаар бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын өндөр түвшинд хүрч, тогтвортой байж, Үйлчилгээний хүрээгээ тэлэн хэрэглэгчдээ сонсдог, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлөө тодорхойлсон хэрэглэгч төвтэй байгууллага өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоос эхлэн борлуулалтын дараах үйлчилгээ хүртэлх гинжин холбоосыг удирдах менежментийн процессууд, арга хэрэгслүүдийн үр нөлөөтэй хэрэгжүүлэлтийг хангах баримт бичиг бүртгэлийн удирдлага, тэдгээрийн тасралтгүй сайжруулалтыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байгууллага боллоо гэж ойлгож болно.
-Энэ үр дүн хэрэглэгчдийн тоо нэмэгдснээр мэдрэгдэх үү? Ер нь жилд хэдээр нэмэгддэг вэ?
-Олон зүйлээр мэдрэгдэнэ, үүний нэг нь хэрэглэгчийн өсөлт. Манай компанийн хэрэглэгчдийн тоо жилдээ зуугаад мянган хэрэглэгчээр нэмэгддэг. Ерөнхийдөө зах зээл ханах хандлага руугаа орчихлоо. Өнөөдөр үүрэн телефоны дөрвөн оператор улсын хэмжээнд 2200000 орчим хэрэглэгчтэй болоод байна. Манай хэрэглэгчдийн тоо бараг 50 хувийг нь эзэлж байгаа. Өрсөлдөгч олон учраас хэн хэрэглэгчиддээ чанартай сайн үйлчилгээ нийлүүлж байгаа нь л байр сууриа хадгална, шинэ хэрэглэгчийг татна.
-Гэхдээ үнийн хувьд танайх арай илүү биш үү?
-Хүмүүс тэгж боддог, ойлгодог тал бий. Сүүлийн үед бусад оператортой сүлжээн доторх үнэ тарифын тал дээр адилхан болсон. Тухайлбал, манай дараа төлбөрт Mobicom болон Mobizone-ы хэрэглэгчид хэрэглээндээ тохируулан багцаа сонгох боломжтой болсон бол урьдчилсан төлбөрт CardPlus үйлчилгээний хэрэглэгч сард 18,000 төгрөг төлөөд 1,2 сая хэрэглэгчийн сүлжээнд хязгааргүй ярих боломжтой болсон. Мөн урьдчилсан төлбөрт нийт хэрэглэгчиддээ зориулан 4000 болон 6000 төгрөгийн Сарын багц үйлчилгээнүүдийг гаргаад байна. Цаашдаа ч хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшуулал хөнгөлөлтүүдийг гаргахаар бэлдэж байна.
-“Мобикомд үүрэн холбооноос өөр харилцаа холбооны олон үйлчилгээ байдаг байх аа?
-Гар утас нь зөвхөн ярих, мессэж бичих хэрэгсэл байхаа больж бизнес, боловсрол танин мэдэхүй, зугаа цэнгээ, мэдээллийн, төлбөр тооцооны зэрэг олон нэмэлт үүргийг гүйцэтгэх болжээ. Манайх зөвхөн гар утасны үйлчилгээ үзүүлдэг биш, ер нь харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Гар утаснаас гадна сансрын холбоо, өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ, байгууллагын дотоод сүлжээ байгуулах, дэд бүтцээ байгуулаад түрээслэх, нэмэлт үйлчилгээнүүд, агуулгын үйлчилгээнүүд гээд хувь хүнд болон байгууллагад хэрэгтэй бүх л үйлчилгээг нийлүүлж байна. Саяхан бид Most Money үйлчилгээг нэвтрүүллээ. Гар утаснаасаа өөрийгөө болон бусдыг нэгжээр цэнэглэх, төлбөр тооцоогоо хийх, худалдан авалтын төлбөрөө хийх, дансандаа мөнгө хийх, бэлэн төнгө гаргах зэрэг олон үйлчилгээг гар утаснаасаа хийх боломжтой болж байгаа юм.
-Ойгоо тохиолдуулан хэрэглэгчид, олон нийт рүү чиглэсэн ямар ажлууд хийх вэ?
-Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргаад эхэлчихсэн байгаа, мөн хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүд нэмж гарган өмнө гаргасан бүтээгдэхүүнүүддээ сайжруулалт хийнэ. Компанийн Нийгмийн Хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн олон нийт рүү чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулна. Сая зохион байгуулсан “ISO олон улсын стандартын хэрэгжилт” сэдэвт үндэсний семинарын гол зорилго нь төслийг хэрэгжүүлэх 18 сарын хугацаанд бүрдүүлсэн Чанарын удирдлагын тогтолцоо, түүний үр нөлөө, тохиолдсон хүндрэл цаашид анхаарах зүйлсийн талаар бусад компаниудтай туршлагаа хуваалцах, ISO9001 стандартын шаардлагуудыг хангах, процессын хандлагыг хэрэгжүүлэх нь аливаа компанийн хувьд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх менежментийн хүчтэй арга хэрэгсэл болохыг бусад байгууллага, аж ахуйн нэгжид хүргэх явдал байлаа. Мөн жил бүр МШХХТГазар, ХХЗХороо салбарын компаниудтайгаа хамтран зохион байгуулдаг Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын “ICT Expo”-г энэ жил Олон улсын түвшинд хийхээр бид санаачилга гарган Ерөнхий Ивээн тэтгэгчээр ажиллаж байна. “Цахим сургалт” төслөө дүгнэж Үндэсний хэмжээний хөтөлбөр болгох талаар холбогдох яам газруудтай зөвлөлдөх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.
-Одоо мөрдөж байгаа үнийн тарифын төлөвлөлт олон хүнд, танай хэрэглэгчдэд мэдээж хамгийн сонин байгаа?
-Үнийг бид дураараа өөрчилдөггүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай үнэ тарифыг давамгайлагч гэдэг утгаар хянадаг. Үүрэн телефон холбооны салбарт өрсөлдөөн их болж сүүлийн үед үнийн “дайн” болж байгааг та анзаарч байгаа байх. Зарим үйлчилгээ өртгөөсөө доогуур үнэтэй байна. Ийм байж болохгүй. Ашгаасаа хуримтлал бий болгоод, түүгээрээ хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийдэг. Манай салбарын технологи маш хурдан өөрчлөгддөг. Бид 3G технологийг оруулаад дөнгөж хоёр жил болж байна. Гэтэл 4G технологи гараад ирчихсэн байх жишээтэй. Хэрэглэгчид маань илүү өндөр хурдаар өргөн зурвасын сүлжээнд холбогдох шаардлагатай боллоо. Энэ утгаараа харилцаа холбооны салбарын технологийн шинэчлэл байнгын хөдөлгөөнд байдаг. Энэ дашрамд хэлэхэд, улс орны эдийн засаг хүчтэй хөгжиж амжаагүй байгаа ч манай улсын Үүрэн телефон холбооны салбарын хөгжил дэлхийн дундажаас 20 пунктээр дээгүүр байгаа. Энэ бол манай салбарын том амжилт. Төр засгийн зүгээс ч тэргүүлэх салбар гэж ач холбогдол өгч байна. Харилцаа холбооны салбар бол буцаад эдийн засгаа хурдасгах хүчин зүйл болдог.
Мэдээллийн зуунд хэн их мэдээллийг богино хугацаанд боловсруулалт хийж шийдвэр гаргаж байна тэр хүн л хожно. Бидэнд санхүүгийн, технологийн, хүний нөөцийн, туршлагын маш их боломж байгаа. Хамгийн гол нь бид зүгээр суудаггүй, дандаа урагшаа явж байдаг. Өөрсдөдөө ажил гаргаж хөгжиж байдаг компани л даа.
-Одоо менежментийн чиглэлээр шинээр ямар ажил хийх гэж байна?
-Бид Сингапурын бизнесийн “Excellence” /Төгөлдөршил/ стандартын загваруудыг сайтар судалсан. 2007 оноос Хэрэглэгчийн үйлчилгээндээ “Service Excellence” стандартыг амжилттай нэвтрүүлж байгааг дээр дурьдсан. Одоо Мобиком Корпорацидаа “Business Excellence” стандартыг нэвтрүүлэх бэлтгэлээ хангаж эхлээд байна. Энэ нь байгууллагын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулдаг загвар бөгөөд “2014 онд Мобиком нь Монгол Улсынхаа бизнесийн салбарын загвар компани болно” гэсэн Хэтийн зорилгоо биелүүлэхэд чиглэгдэж байгаа.
-Сүүлийн үед амжилттай явж байгаа компаниуд уул уурхайн салбар руу ордог болж. Танай компанийн хувьд, группийн хувьд ч юм уу тийм төлөвлөгөө байгаа юу?
Хөрөнгө оруулагчид маань биднийг энэ бизнесээ л төгс хийх ёстой гэж үздэг. Бид салбар дотроо бизнесээ өргөтгөх, хөгжүүлэх хэрэглэгчиддээ илүү их үнэ цэнэ өгөх ажлаа л хийнэ. Бид ногоон бизнестээ үнэнч байх болно.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
Өнөөдрийг хүртэл 15 жилийн туршид бидэнтэй хамт байсан хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүд, ажилтан албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье.