Хосе Мануэл Барросо мэндчилгээ ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Хосе Мануэл Барросо мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж дахин ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдоржид гадаад орнууд, олон улсын байгууллагаас баяр хүргэсэн илгээлт, мэндчилгээ ирсээр байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Хосе Мануэл Барросогоос Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр мэндчилгээ ирүүлэв.


Тэрээр мэндчилгээндээ “Хүндэт Ноён Ерөнхийлөгч өө,

 
Европын Комиссын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныг тохиолдуулан халуун баяр хүргэе.
 
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь хууль ёс, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бүтээн байгуулах үйлсдээ Монголын ард түмний хийсэн бас нэгэн чухал алхам боллоо гэж Европын Комисс үзэж байна. Монголын иргэн бүрийн сайн сайхны төлөө энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжил өөд замнахад  Монгол Улсад учирч болох аливаа сорилтыг даван туулахад тань бид тусалж дэмжихэд ямагт бэлэн байх болно гэдгээ илэрхийлье. Үүний маань хамгийн сүүлийн үеийн нотолгоо л гэхэд Европын Холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан Түншлэл, Хамтын ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурж, нэгдсэн үнэт зүйлс, ашиг сонирхлын үндсэн дээр харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн явдал бөгөөд Европын Комисс цаашид ч энэхүү харилцаагаа уламбүр хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
 
Удахгүй бид танай оронд айлчилж, өнгөрсөн гуравдугаар сард цуцалсан айлчлалаа хэрэгжүүлэх болно гэж найдаж байна. Мөн Таныг Брюссельд урьж, Тантай өөрийн нутагтаа уулзахад таатай байх болно гэдгийг энэ ялдамд илэлхийлье.
 
Монгол Улсын Үндэсний баяр Наадамыг тохиолдуулан Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Эрхэм Ерөнхийлөгч өө, Танд гүн хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Хосе Мануэл Дурао Барросо” гэжээ.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж