
Хэзээ хэн гаргасан нь үл мэдэгдэх хөгцний талаарх нэгэн онол монголчуудын дунд түгээмэл тархсан байдаг. Энэ нь хөгц, тэр дундаа цагаан идээний хөгц хүний биед хоргүй гэсэн ам дамжсан яриа юм. Гэтэл хүнсийг бохирдуулагч гол хүчин зүйлийн нэг нь хөгц мөөгөнцөрийн бохирдол байдаг ажээ. Хөгц мөөгөнцөр нь хүрээлэн буй орчин /хөрс , ус, агаар, эд юмсын гадаргуу/, хүнсний бүтээгдэхүүний гадаргуу дээр хялбар үржих /гурил гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хүнсний ногоо, бусад/ төдийгүй хүний бие махбодид ч үүсэн бий болсон байдаг ажээ. Одоогоор олон улсад 200 төрлийн 100 мянга гаруй зүйлийн хөгц мөөгөнцрийг бүртгэн судлаж байгаа юм байна. Тэдгээрээс хоруу чанар үүсгэдэг 1000 гаруй зүйлийг тогтоожээ. Ялангуяа халуун усны газар, саун, зочид буудлууд нь эрүүл ахуй, ариун цэврийн зохих журмын дагуу ажилдаггүйгээс ахуйн нөхцөлтэй холбоотой мөөгөнцөрт халдварыг ахуйн замаар хүнд дамжих гол зам болоод байна гэсэн дүгнэлт гарчээ. ДЭМБ-аас гаргасан мэдээнд, сүүлийн жилүүдэд дээрх төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа ба дэлхийд таван хүн тутмын нэг нь арьс ба түүний дайврын мөөгөнцөрт өвчнөөр өвдөж байна гэж тэмдэглэжээ.
Монгол Улсын хувьд ч хөгц мөөгөнурийн бохирдол, мөөгөнцрийн өвчлөл түгээмэл байсаар байна. МХЕГ-ын шинжилгээний мэдээгээр шинжилсэн сорьцын тоо гурав дахин нэмэгдэж, хөгутэй гэж гарсан сорьцын тоо ч 3-4 дахин өссөн байх юм. Тэдгээр сорьцын 27 хувь нь агаараас орчноос илэрчээ. Иймд гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүний гол бохирдуулагч болох хөгц мөөгөнцрийн тархалт, хор нөлөө, устгах, хэрхэн урьдчилан урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг МХЕГ-аас зохион байгуулжээ. Сургалтад үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна.
Д.ЦЭЭНЭ