
-Оюутолгой компанийн зүгээс дотоод гадаадын хэвлэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлуулсан хэмэн мэдээлж байгаа. Гэвч тус компанийн бүтээгдэхүүн экспортлох хугацаа хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, харин ч Оюутолгой компаниас шалтгаалсан зүйл бий гэдгийг албан ёсоор мэдэгдье. Оюутолгой компани бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ өнөөг хүртэл ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшлогдсон. Борлуулалтын гэрээний үнийн дүн ойлролцоогоор найман тэрбум ам.доллар. Монгол Улсын Зомпанийн тухай хуулийн 88,1-д заасанчлан энэ их хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанийн ТУЗ эхэлж батлах ёстой. Гэтэл Оюутолгойн компани борлуулалтын гэрээгээ Монголын талын гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа. Хоёрдугаарт гэвэл Оюутолгой компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руу шилжүүлнэ гэж байгаа. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулааагүй тохиолдолд борлуулалтын орлогоо манай аль нэг банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг манай тал баримталж байгаа гэлээ.
Бүтээгдэхүүний экспортоо хойшлуулах нь Оюутолгойд ашиггүй. Бидэнд бүр ч ашиггүй. Хэн хэнийхээ эрх ашгийг бодох юм бол харилцан ойлголцож экспортоо эхлүүлэхээс аргагүй. Оюутолгой хэдийгээр олон улсын хэм хэмжээг эрхэм болгож байгаа ч Монголын хуулийг дагахаас аргагүй гэсэн Засгийн газрын байр суурийг хүндэтгэх биз ээ. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын гэрээнд борлуулт болоод борлуулалтын орлогын талаар яг таг тодорхойгүй заалт ороогүйг Уул уурхайн сайд хэлж байна.
Д.ЦЭЭНЭ