Цахилгаан, дулааны үнэ нэмснийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Цахилгаан, дулааны үнэ нэмснийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр цахилгаан, дулааны үнэ, тарифт ямар үндэслэлүүдээр өөрчлөлт оруулсан талаарх танилцуулгыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн байна. Энэ асуудалтай холбогдуулж, дараах асуултад хариулт авлаа.

-Цахилгаан, дулааны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Эрчим хүчний зохицуулах газар гэсэн бие даасан статустай байгууллага байдаг.  Энэ байгууллагын хувьд цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудалтай холбоотойгоор  бие даасан шийдвэр гаргах эрхтэй.  Гаргасан шийдвэрийг  нь Шударга бус өрсөлдөөнийг хянан шийдвэрлэх газар хянаж, боломжтой гэж үзвэл, шийдвэр нь албан ёсны болдог. Нэг үгээр хэлбэл, одоо айл өрхүүдийн нэг квт цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ер нь нийт өрхийн цахилгаан хэрэглэгчдийн 60 хувь нь 150 квт цахилгаан хэрэглэдэг. Тэгэхээр 150 квт-ыг  дөрвөн төгрөгөөр үржүүлэхээр сард цахилгааны үнэ өмнөхөөсөө 600 төгрөгөөр өсөх юм. Мөн 50 квт цахилгаан хэрэглэдэг өрх нэлээд бий. Эдний хувьд цахилгааны үнэ өмнөхөөс 200 төгрөгөөр л өсөх болж байгаа юм. 

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахилгааных нь хэрэглээг хоёр ангилсан. Тухайлбал,  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг квт цахилгааны үнэ 80 төгрөг байсныг 100 орчим төгрөг болгосон. Жишээ татъя,  Дорнодын зүүн бүсийн цахилгаан станц жилдээ хоёр  тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Алдагдлыг нь татаасаар улсаас нөхдөг. Гэтэл алдагдал хаанаас үүсч байна вэ гэхээр, станц маань өөрөө 100 гаруй төгрөгийн үнээр цахилгаан үйлдвэрлэдэг хэрнээ эцсийн хэрэглэгчдэд хүргэхдээ  нэг квт-ыг нь 80 төгрөгөөр өгснөөс болж үүсч байгаа.  Энэ нь ердөө гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн дөрвөн том компанитай холбоотойгоор үүссэн байдаг юм байна.  Гэтэл эдгээр уурхай нь өөрсдөө валютаар орлого олдог, экспортын үйл ажиллагаа явуулдаг, өөрсдөө зах зээлийн дагуу ажилладаг. Тийм байтал Дорнодын цахилгаан станцад улсаас татаас өгөөд байгаа нь зохисгүй гэж үзсэн. Ийм үндэслэлээр Эрчим хүчний зохицуулах газраас уул уурхайн үйлдвэрүүдийн хэрэглэх цахилгааны үнийг нэг квт тутамд 80-100 төгрөг болгож өсгөсөн байсан. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд 80-88 төгрөгт хүрч нэмэгдсэн.  Харин Цахилгаан тээврийн үнийг нэмээгүй, хуучнаар нь үлдээсэн байгаа. Мөн нийгмийн эмзэг бүлгийн өрхийн цахилгааны үнийг өсгөхгүй. Шөнийн цахилгааны үнийг өсгөөгүй, хуучнаар нь үлдээсэн. Үүн дээр нэмээд, аж ахуйн нэгжүүдийн дулааны үнийг огт нэмээгүй байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийн дулааны үнийг нэмээгүй нь ямар учиртай вэ?

-Гол нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй гэж үзсэн юм. Дахин хэлье, Эрчим хүчний зохицуулах газар бие даасан байгууллага. Эрчим хүчний зохицуулах газрын дэргэд зөвлөлдөх хороо гэж бий. Зөвлөлдөх хороонд нь Үйлдвэрчний эвлэлийн орлогч дарга, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл багтдаг. Тэдгээр хүмүүсийн хувьд цахилгаан, дулааны үнэ тарифын өсөлтийг хэлэлцээд, “Тодорхой хэмжээнд  нэмэхийг дэмжиж байна” гэж саналаа өгсөн юм билээ. Уг нь анх Эрчим хүчний зохицуулах газраас оруулж ирсэн саналаар бол айл өрхүүдийн цахилгааны үнийг нэг квт-ыг нь 88 төгрөг биш, 92 хүртэлх төгрөгөөр өсгөх санал гаргасан байсан. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас үнийг хянаж үзээд, 92 төгрөг хүртэл өсгөсөн байсныг хамгийн бага нь 71 төгрөг, хамгийн ихдээ 84 төгрөг хүртэл бууруулах шийдвэрийг гаргаж, шийдвэрлүүлсэн байгаа.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж