
БОАЖЯ-нд өчигдөр 15.00 цагт болсон нээлттэй ярилцлагад Туул голын асуудалтай холбогдох төр, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Тодруулбал, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Нийслэлийн засаг даргын орлогч, Туул голын сав газрын зөвлөлийн тэргүүн Да.Ганболд, Засгийн газрын хэрэгжүүүлэгч агентлаг Усны газрын орлогч Ц.Сосорбарам, тус газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга П.Бадамдорж, Усны үндэсний хорооны ажилтан Б.Сэрчмаа нар холбогдох мэдээллүүд өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
Нээлттэй ярилцлагыг нээж БОАЖ-ын сайд хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1,2 сая иргэнийг ундны усаар хангаж байгаа учраас Туул голын асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтөөс экологид үзүүлж буй хүндрэл, ариун цэнгэг байдалд нь сөрөг үр дагавар учруулж буй хүний үйл ажиллагаа, улам өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ зэрэг нь Туул голтой холбоотой олон бэрхшээл үүсгэж байна. БОАЖЯ-наас эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр сүүлийн хоёр жилийн турш далайцтай ажлууд эхлүүлэн ажиллаж байгаа ч энэ талаар нийгэмд тодорхой ойлголт мэдээлэл дутмаг байгаа юм байна гэж дүгнэлээ. Иймд яам, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.
БОАЖЯ-наас 2011 оныг “Усны жил” болгон зарласан билээ. Усны жилийн хүрээнд 2011 онд энэ салбарын менежментийг сууриар нь өөрчлөх зорилт тавьсан. Эрх зүйн орчинг багцаар нь шинэчилж, ус бохирдуулсны төлбөр болон усны экологи, эдийн засгийн үнэлгээг өөрчилж, ус хэрэглээний норм, нормативыг шинэчлэн тогтоох ажил энэ зорилтод багтаж байгаа юм.
Түүнчлэн, УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөр батлуулсан. 2020 хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд усны салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг энэ хөтөлбөрөөр тодорхойлсон. Холбогдох бүх байгууллагууд дээрх хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Нээлттэй ярилцлагын үеэр “Ус” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөнд туссан ажлуудаас зөвхөн Туул голын хүрээнд хийх ажлын багцыг дэлгэрэнгүй тайлбарлалаа.