Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөлөө. 1990 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг АИХ-аас сонгож байсныг эс тооцвол. Сонгуулийн дүнд ямар нэг маргаан гарсангүй. Сонгуулийн санал хураалт дууссанаас хойш ердөө хоёр цагийн дараа буюу Улаанбаатарын цагаар 24.00 цаг гэхэд нэр дэвшигч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон нь тодорхой болов. Тэрээр 622.794 сонгогчийн санал авч нийт сонгогчдын 50,23 хувийн саналаар ялалт байгууллаа. Харин  МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520.380 санал буюу нийт сонгогчийн 41,97 хувийн саналаар удаалж, МАХН-ын Н.Удвал 80.563 санал /нийт сонгогчийн 6,5 хувь/ авчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөгч онд болж өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуулийн нэгэн адил автоматжуулсан байдлаар явуулсан нь сонгуулийн дүн гарах цаг хугацааг наашлуулж, СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа тангараг өргөх боллоо.

Түүний ялалтад нөлөөлсөн олон л хүчин зүйл бий байх. Түүний дотроос хамгийн гол хүчин зүйл нь өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч хэрхэн ажилласан бэ гэдэгт сонгогчид дүнгээ тавьсан хэрэг. Хууль, шүүхийн байгууллагад эхлүүлсэн шинэчлэл, авлигатай хийсэн тэмцэл, архины эсрэг аян гээд Ерөнхийлөгчийн институцийн хүрээнд юуг чирж, чиглүүлж ажиллах боломж байна, тэр бүхнийг хийж эхлүүлсэн учраас сонгогчид эцэст нь энэ бүхний үр дүнг үзэхийг хүссэн хэрэг. Хэрэв тиймгүй бол гурвын гурван нэр дэвшигч өрсөлдөж байхад 50-иас илүү хувийн санал авч, эхний санал хураалтаар ялалтад хүрэх нь бараг л боломжгүй юм. Тиймээс ч энэ удаагийн сонгуулийг хоёр шаттай болж магадгүй таамнал улс төрийн түрээнд тодорхой хэмжээгээр байсан билээ.

МАН-аас нэр дэвшигч Н.Бат-Эрдэнийн хувьд ч гэсэн 41,97 хувийн санал авсан нь санаанд оромгүй амжилт болов. Өрсөлдөгч нам төдийгүй, олон нийтийн зүгээс ч “улстөрчийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээнд бэлтгэгдээгүй, мэргэжил, боловсролын хувьд ч дутмаг” хэмээн үнэлэгдэж байсан Б.Бат-Эрдэнэ хэмээх бие хүн нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч чадсан нь МАН-д гэхээсээ илүү хувь хүнд нь өгсөн үнэлгээ гээд хэлчихэд хилсдэхгүй. Монголчууд бөхөө тэгж хайрладаг юм байна гэхээс өөр юу хэлэх вэ. Харин түүнийг нэр дэвшүүлсэн намын хувьд өнгөрсөн 23 жилийн дийлэнхэд нь эрх барихдаа бий болгосон авлига, хээл хахууль, алдаатай бодлогууд, нйгмийн шударга бус байдал нэр дэвшигчийг хойш нь татсанаас өөр зүйлгүй.

Ерөнхийдөө өнгөрсөн сар гаруйн хугацаанд тухайн нам зөвхөн нэр дэвшигчийнхээ гадаад имиж, сайн бөхийн нэр нүүрэнд дулдуйдаж сонгуулийн сурталчилгааг хийснээс биш улс төрийн намын хувьд сонгогчдын өмнө гаргаж тавьсан сайн бодлого, эерэг сурталчилгаа гэхээр зүйл бараг л байхгүй, өрсөлдөгчөө шүүмжлэхээс хэтрээгүй нь сонгогчдыг өөрөөсөө түлхсэн байж ч магадгүй. Тэгсэн ч сурталчилгааны хугацаанд тухайн намын эрт эдүгээгийн удирдлага болоод нэр нөлөө бүхий лидерүүдээс нэг нь ч ил гараагүй нь харин аваргад ач болсон байж магадгүй. Нэг үгээр хэлбэл, МАН-ынхан энэ удаа санаанд оромгүй “мундаг” менежмент хийчихлээ. Ямар ч байсан Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн Ө.Энхтүвшин даргын намтайгаа нийлээд авч чадахгүй саналыг авсан нь үнэн юм. Гэлээ ч ялагдал бол ялагдал. Сонгогчид энэ намаас нэг удаагийн гал намжаах ажиллагаа бус, жинхэнэ утгаар нь шинэчлэлийг хүлээж байна. Хэрвээ тэгж чадахгүй бол энэ нам нэгмөсөн улс төрийн “үхдэл” болох бөгөөд энэ нь өрсөлдөгч Ардчилсан намд ч халгаатай. Өрсөлдөөнөөс л хөгжил дэвшил бий болдог шүү дээ.  

Харин МАХН-ын Н.Удвалын хувьд Монголын сонгогчид эмэгтэйчүүдэд итгэж, санал өгөх болоогүй гэдгийг харууллаа. Үүн дээр нь түүний өөрийнх нь шоронд ял эдэлж байгаа намын дарга руугаа хэт налсан сурталчилгаа нэрмээс болсон ч байж магадгүй. Ард түмэн төрийн ч, түмний ч нурууг холгож дуусаад байгаа авлига гэх зүйлээс залхсан байна. Тиймээс энэ удаагийн сонгууль жинхэнэ утгаараа хүч тэнцвэргүй тулаан болж өнгөрлөө. Нэг талд нь нийгмийн сайн сайхан, шударга ёс, сайн засаглалын асуудал яригдаж байхад нөгөө талд нь эрх мэдлээ алдсан, хорссон хэсэг бүлэг хүмүүсийн бухимдал л яваад байлаа шүү дээ.

Хэдхэн хоногийн, магадгүй хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа явж эхэлнэ. Энэ бол түүний хувьд шийдвэрлэх мөч. Учир нь аль ч улсын Ерөнхийлөгч нар эхний бүрэн эрхийн хугацаандаа дараагийн удаад хэрхэн сонгогдох тухайгаа бодож ажилладаг. Ихэнхдээ олон нийтэд таалагдахуйц, зарим талаар хэт налсан зөөлөн бодлого явуулдаг гэсэн үг. Өнгөрөгч 2009 оны сонгуулиар Ц.Элбэгдоржийн амласан “Оюутны 70 мянга” ч тэдний нэг нь. Харин хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд олон нийтэд тийм ч тааламжтай бус сонсогдох ч нийгмийг өөрчлөхөд зайлшгүй шаардлагатай эрс шинэтгэлийн алхмуудыг хийх боломжтой болдог. Яагаад гэвэл тэр дахин сонгуульд өрсөлдөхгүй учраас сонгогчдоос авах санал биш, харин хийсэн ажлын бодит үр дүн чухал. Тэр үр дүн заримдаа тав, арван жилийн дараа ч гарах тохиолдол байдаг шүү дээ.

Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлт ч байж болно. Тэр өмнөх удаа “УИХ-ын гишүүний дээлтэй хүн Засгийн газрын гишүүний давхар дээл өмсөх ёсгүй. Тийм учраас би Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг буцааж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг болиулна” хэмээн амласан. Гэвч 2012 оны сонгуулиар Ардчилсан нам УИХ-д олонхи болж чадаагүйн улмаас хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс сайд нарынхаа олонхийг УИХ-ын танхим дотроос томилохоос аргагүйд хүрсэн билээ.

Түүнчлэн жалгаар нэг тарсан сум суурингуудыг нэгтгэх, засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах, аймгийн төв суурингуудыг хотын статустай болгох гэх мэтчилэнгийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардсан олон асуудлууд хуримтлагдаад байгаа билээ. Хэрвээ энэ бүх бодлого өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын цөм бодлого байсан нь үнэн л юм бол одоо энэ тал дээр шинэчлэл хийгдэх цаг нь болоод байна. Яагаад гэвэл энэ бол Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж