АНУ-ын Тагнуулын төв агентлагийн нууц мэдээллийг задруулсан экс ажилтан Эдвард Сноуден Майамигаас Хонг Конгоор дамжин ОХУ-д ирээд байгаа билээ. АНУ-ын талаас Эдвард Сноуденийг Хонг Конгод байхад нь тус улсын хууль хяналтынханд хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан боловч тэд түүнийг ОХУ руу хил давуулан зугтаалгасан билээ. Харин Хонг Конгийн талаас АНУ-ын хүсэлтийг биелүүлээгүй шалтгаанаа Нэгдсэн улсын Аюулаас хамгаалах агентлаг Эдвард Сноудений овгийн дундах нэрийг андуу мэдээлсэнтэй холбон тайлбарлажээ. Хонг Конгийн цагаачлалын албанаас мэдээлснээр АНУ-ын талаас ирүүлсэн гэмт хэрэгтэн хүлээлгэн өгөх баримт бичиг дээр Эдвард Жеймс Сноудений нэрийг Эдвард Жосеф Сноуден гэж андуу мэдээлсэн байснаас түүнийг хүлээлгэн өгөхөд асуудал үүссэн аж. Түүнчлэн АНУ-ын талаас Эдвард Сноудений иргэний үнэмлэхний дугаарыг Хонг Конгийн гаалын албаныханд ирүүлээгүй гэнэ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-д хандан Эдвард Сноуден Орост байгаа нь үнэн боловч түүнийг Америкт хүлээлгэн өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
АНУ-ын Тагнуулын төв агентлаг иргэдийн утасны яриа, интернэт хандалтыг танддаг тухай дэлгэснээр Засгийн газрын өмчид халдсан, улсын батлан хамгаалах болон тагнуулын зэрэгжүүлсэн нууцад зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх олон хэрэгт буруутгаж байгаа юм. Эдвард Сноуден эдгээр ялаас зугтаахын тулд Эквадороос улс төрийн орогнол хүсээд байгаа юм. Харин Эквадорын зүгээс Эдвард Сноуденийг тус улсад өөрийн биеэр ирсний дараа хүсэлтийг нь авч хэлэлцэхээ мэдэгдсэн билээ.
Б.АНХТУЯА