Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл ирэх долдугаар сарын 1-нд ХБК-ийн “Урлаг” танхимд “Solo recital” тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүний тоглолтын эхний хэсэг барокко үеийг илтгэх Бахын хоёрдугаар “Партита” болон классицизмын төлөөлөгч Моцартын сонатаар үргэлжлэх бөгөөд XVII, XVIII зууны дэг жаягтай дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд дээрх зуунуудад хэрхэн мэргэжлийн хөгжимд тусгалаа олсныг харуулах нь ээ. Түүүнчлэн тоглолтын дунд хэсэгт импрэссионист хөгжмийн төлөөлөгч Дебюссийн Сюйт Бэргамаскаар үргэлжлэх юм байна. Импрэссионизм урсгалын өнгө будаг, чөлөөт байдал болон хэмнэлийн онцлогуудыг эндээс та сонсох боломжтой юм. Харин романтизмын дууч Фридрих Шопены бадрангуй “Полонез”-оор тоглолтоо өндөрлүүлэх аж. Төгөлдөр хуурч С.Одгэрэл “Solo recital” тоглолтонд хүрэлцэн ирж төгөлдөр хуурын аялгуут ертөнцөөр аялахыг урьж байна.
Сонирхуулахад, төгөлдөр хуур зориулсан “Solo recital”-ыг анх Унгарын хөгжмийн зохиолч Франц Лист санаачлан боловсруулсан бөгөөд гоцлол төгөлдөр хуурч тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөлийг дангаар гоцлон, тоглох бүтээлүүдийн хоорондын уялдааг гаргадгаараа маш их ур чадвар, бэлтгэл шаарддаг тоглолт юм.
Г.ДАША