Бизнесийг татварын дарамтаас чөлөөлөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Бизнесийг татварын дарамтаас чөлөөлөхийг уриалав

“Татварын алба алданги тооцдог арилжааны банк шиг бизнесийн байгууллага биш” гэж МҮХАҮТ-аас гаргасан уриалгад онцолжээ.  Хэдийгээр УИХ, Засгийн газрын зүгээс бизнесийн орчныг сайжруулах чиглэлд тодорхой зорилт тавьж зөвшөөрөл лицензийг багасгах, төрийн хүнд суртал, авлигыг бууруулах  талаар санаачлагатай ажиллаж байгаа ч  засч сайжруулах, өөрчлөн шинэчлэх олон тулгамдсан зүйл байсаар байна гэж тус байгууллагаас  үзэж байгаа ажээ.  Үүний нэг тод жишээ нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж буй ТЕГ-ын даргын 2010 оны 578 тоот “Татварын өрийн үлдэгдэлд  торгууль, алданги тооцох, ногдуулах журам” аж. Эл журмын 2.1.2, 2.1.5 заалтаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, хугацаанд нь төлөөгүй татварын өрийн үлдэгдэлд тооцох алдангийг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджаар   тогтоохоор тусгасан нь  бизнес эрхлэгчдэд  хүндээр тусч байгаа  юм байна. Зах зээлийн жам ёсоор орлого олж буй хэн боловч татвар төлөх ёстой хэдий ч бизнесийнхэн өөрсдөөс хамааралтай болон хамааралгүй олон шалтгааны улмаас заримдаа татвараа цаг хугацаанд нь төлж чадахгүй байх тохиолдол гардаг гэнэ. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдээс эхлээд үндэсний гэх томоохон компаниудад ч тулгардаг бэрхшээл.

Татвар төлөгчдөд үйлчилж тэдэнд тулгарч буй асуудлыг хамтран шийдэх, татварын хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд ТЕГ санаачлага муутай ажиллаж байгааг ч мөн шүүмжилжээ. ТЕГ-ын 578 тоот журмын дагуу татварын гурвалсан дарамтад орсон,эдгээр заалтыг эсэргүүцэж буй нийт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг татварын хууль журам болон эдгээр заалттай холбоотой санал, гомдол, мэдээллээ танхимд  ирүүлж,  татварын орчинг сайжруулах чиглэлд  нэгдэн хамтран ажиллахыг уг уриалгад багтаажээ. Бизнес эрхлэгчид дээрх төрлийн санал хүсэлтээ 324620 тоот факс, 70111545, 310619 тоот утас болон zoljargal.a@mongolchamber.mn хаягаар илгээж болох юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж