Майкл Жексон үхэн үхтэлээ гурван хүүхдийнхээ эцэг нь өөрийгөө гэж баталж байсан билээ. Гэвч саяхан түүний ухаалаг, царайлаг охин амиа хорлох гэж оролдсон нь попын хааны өөрөө ч итгэхийг хүсдэггүй байсан нууцыг нотолсон юм.
Үргэлж хоорондоо талцаж, өрсөлдөж ирсэн Жексоны гэр бүлийнхэн энэ удаа ганц зүйл дээр санал нэгдсэн нь нойрсуулах эм ууж, судсаа ханасан Парисыг амьд үлдээсэй гэсэн залбирал байв.
Охин сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэг л хачин байсан боловч хэн ч тухайн үедээ үүнийг анзаараагүй аж. Парис судсаа хэд хэд удаа зүссэн сорвио далдлахын тулд бугуйн боолт зүүх болсныг эмээ нь мэдээгүй байжээ.
Ахлах сургуулийн олон шалгалт давхацсанаас депресст орсон, асран хүмүүжүүлэгчид нь түүнийг Мэрилен Мэнсоны готик рок тоглолт үзэхийг зөвшөөрөөгүй гэх мэтчилэн хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Бас нэг таамаг нь Жексоны хоёр хүүхдийн ээж Дебби Роуи болон Жексоны ээжийн хоорондох тэмцэл. Майкл Жексоны ээж Катерин Деббиг үздэггүйг Жексоныхон бүгд мэддэг аж. Үүнээс хамгийн эргэлзээтэй нь Парис охин Майкл Жексон өөрийнх нь эцэг биш гэдгийг мэдээд амиа хорлохоор шийдсэн гэх таамаг. Парис амиа хорлохыг завдсанаас хэдхэн хоногийн өмнө өөрийг нь тайван байлгахыг хүссэн нь энэ бүхний тайлбар мэт.
Майкл Жексоны хоёр хүүхдийг төрүүлсэн Дебби Роуи түүнд хүүхдүүдийн асран халамжлагчийн эрхийг бүрэн шилжүүлснээс хойш олон жилийн дараа өнгөрсөн хавар ээжтэйгээ уулзахдаа Парис “Олон жилийн дараа ээжтэйгээ уулзах сайхан байлаа. Ээжтэйгээ хамт байх үнэхээр гоё. Би түүнтэй их адилхан гэдгээ мэдлээ” хэмээн вэб сайтдаа бичиж байсан юм. Түүнээс хойш Парис ээжтэйгээ тогтмол уулзах болж, тэдний харилцаа улам гүнзгийрч байв. Парисыг Дебби Роуигийн охин гэхэд итгэхэд бэрх боловч тэдний шөвгөр хамар, цэнхэр нүдийг адилхан гэдэг аж. Парис төрсөн өдрөөрөө ээжтэйгээ суши ресторанд орж, эдлэнд нь очиж морь унасан баяр хөөртэй зургаа твиттерт тавьсан нь түүний ах Принцэд таалагдаагүй. Парисаас ялгаатай нь том Принц ээж Деббитэйгээ уулзаж, холбоотой байхыг огт хүсдэггүй аж.
Дебби Роуи доктор Арнольд Клейнийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа Майкл Жексонтой танилцсан юм. Доктор Арнольд Клейн бол Майкл Жексоны арьс гоо заслын эмч байсан билээ. 1996 онд Майкл Жексон Деббитэй танилцах үедээ Лиза Мари Преслигээс дөнгөж салсан, сэтгэлээр ихэд унасан байсан гэдэг. Харин хүүхэд байхаасаа л Жексоны шүтэн бишрэгч байсан Дебби Жексоны хүүхдүүдийг төрүүлэхийг зөвшөөрсөн билээ. 1996 онд Дебби хөл хүнд болж, тэд тэр жилийнхээ арваннэгдүгээр сард Сиднейд Майкл Жексонтой хуримласан байдаг.
Тэд гэрлэх бодолтой байгаагүй ч Майклын ээж тэднийг гэрлэхийг ятгасан гэдэг билээ. 1997 онд Дебби Майклын хүү Майкл Жосеф Жексоныг төрүүлсэн юм. Түүнийг Принц буюу ханхүү хэмээн дууддаг. Түүнээс жилийн дараа Парис-Майкл Катерин Жексон төрсөн юм. Майкл, Дебби хоёр 1999 онд гэрлэлтээ цуцлуулснаар Роуи хүүхдүүдийнхээ асран халамжлах эрхийг Майклд бүрэн шилжүүлж, 8 сая ам.доллар, Беверли Хиллзд хаустай үлдсэн билээ. Калифорни мужийн хуулиар шүүх Майкл Жексон, Дебби Роуи нарын гэрлэхээс өмнө байгуулсан гэрээгээр Дебби попын хааны өв хөрөнгөөс хувь эзэмших эрхгүйг нотолсон юм. Парисыг төрүүлсний дараа Дебби дахин хүүхэд тээж чадахгүй болсон. Үүний дараа 2002 онд тээгч эх бага Принцийг төрүүлж өгсөн юм. Тээгч эхийн нэрийг Майкл хэзээ ч дурсч байгаагүй.
Гэвч Майкл Жексоны гурван хүүхэд том Принц, Парис, Принц Бланкет нарын “жинхэнэ” эцэг нь өөрөө мөн байсан эсэх нь эргэлзээтэй. Том Принц, Парис хоёрыг үр шилжүүлэн суулгаж төрүүлсэн гэж хэдэн хэдэн эх сурвалж баталдаг бөгөөд тэдний биологийн эцэг нь Майкл биш, түүний эмч Арнольд Клейнийг гэдэг. Гэвч Майкл ч, Дебби ч үүнийг үгүйсгэсээр ирсэн юм.
Майкл Жексон сая сая хүний шүтээн болсон ч хүн шиг амьдарч чадаагүй билээ. Ах нарынхаа хамт 5 настайгаасаа “Жексоны 5” хамтлагт дуулж эхэлсэн Майклийг эцэг нь үүрийн таван цагт орноос нь босгож, цаг наргүй бэлтгэл хийлгэдэг байсныг хожим дурссан байдаг. Эцгийнх нь хатуу ааш авир түүнийг амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ч түүний хүүхэд насыг хулгайлсан билээ. Майкл Жексон Элвис Преслигийн охин Лиза Мари Преслигээс салсны дараа дахин хэзээ ч гэрлэхгүй, хүүхэдтэй болохгүй гэж хатуу шийдсэн байжээ. Түүний хоёр дахь эхнэр Дебби Роуи түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн ч тэдний гэрлэлт бас л бүтээгүй. Майкл хүүхдүүддээ хайртай байсан ч заримдаа итгэхийн аргагүй этгээд ааш гаргадаг байв. 2002 оны арваннэгдүгээр сард Берлинд Адлон зочид буудалд байрлаж байхдаа нялх бага Принцийг тагтнаас унжуулсан нь олны гайхашралыг барсан юм.
Майкл Жексоны талаарх бас нэг эргэлзээтэй зүйл нь бага насны хүүхэд сонирхдог гаж сонирхол гэх. 1993 онд түүнийг 13 настай хүүг садар самуунд уруу татсан хэрэг буруутгасан ч шүүх гэм буруугүйг тогтоосон. Гэвч энэ бүхэн үүгээр дуусаагүй бөгөөд 2003 онд Британийн телевизийн “Майклтай хамт” баримтат кино гарахад Майкл жаахан хүүгийн гараас нь хөтлөн явж, ярилцаж байгаа хэсгээс болж дахин шүүхэд дуудагдсан билээ. Киноны тэр хэсэгт хүү Майклтай хэзээ хамт унтах тухай ярилцдаг билээ. Кино дэлгэцэнд гарахад уурлаж хилэгнэсэн эцэг эхчүүд Майклын эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн ч шүүх түүнийг гэм буруугүйг тогтоосон юм.
Харин одоо Жексоны хүүхдүүдийн биологийн эцэг гэж зарласан хүмүүс Жексоны гэр бүлийнхнийг залхааж байгаа аж. Жексоны бие хамгаалагч байсан Мэтт Фиддес гэгч 2012 онд өөрийгөө Бланкетын биологийн эцэг хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан бол Жексонтой жирийн найз нөхөд байсан Британийн жүжигчин Марк Лестер мөн л өөрийгөө гурван хүүхдийнх нь биологийн эцэг хэмээн ДНК-ийн шинжилгээ авахыг шаардсан юм. Энэ бүхнээс залхсан Жексоныхон өнгөрсөн тавдугаар сард Жексоныхон хүүхдүүдийн эцэг тогтоох ДНК-ийн шинжилгээнд хориг тавихыг шүүхээс хүсчээ.
Попын хаан амьд ахуйдаа хүүхдүүдээ олны нүднээс үргэлж нууж, баг зүүлгэдэг байсан. Харин Майклыг нас барсны дараа Парис эцэг нь тэднийг хэвлэлийнхний дайралтаас хамгаалахын тулд ингэж байсныг ойлгосон хэмээсэн байдаг. Үнэхээр ч тавхан настайгаас эхлэн од болсон Майкл Жексон үргэлж олны хараанд байх хэцүүг сайн мэдэх учир хүүхдүүдээ хамгаалахыг хүссэн нь ойлгомжтой.
Жексоны гурван хүүхдээс бага Принцийг түүнтэй адилхан гэдэг бөгөөд дүрлэгэр хар нүд нь Майклыг санагдуулдаг гэж Жексоныхон ярьдаг байна. Гэвч хүү ах эгч хоёроос тэс өөр үг дуу цөөтэй, ичимхий хүүхэд гэнэ.
Жексоныхон том Принц, Парис хоёрт энтертайнмент ертөнц дэх Майклын орон зайг эзэлнэ гэж ихээхэн найдлага тавьж байгаа аж. Тэр бүү хэл Жексоны хүүхдүүдийг реалити шоунд тоглуулах тухай яриа Холливудад гарчээ. Майкл Жексон хүүхдүүддээ гэрээр хичээл заалгадаг байсан бол түүнийг нас барснаас хойш тэд жилийн 33,500 ам.долларын төлбөртэй Лос Анжелесийн хамгийн эртний Бакли сургуульд явах болсон байна. Жексоны хүүхдүүдийг гэр, сургууль хоёрын хооронд бие хамгаалагч нар машинтай хүргэж өгдөг аж.
Жексоны гурван хүүхдийн талаар ойр дотныхон нь “Тэд 500 ам.долларын үнэтэй пүүз өмсдөггүй, байгаагаасаа илүү ихийг шаарддаггүй хүүхдүүд” хэмээн ярьдаг. Бас саяхныг хүртэл тэдэнд телевиз үзэхийг хориглодог байсан юм.
Эцэст нь тэд Майклын төрсөн хүүхдүүд биш байлаа ч гэсэн попын хаан тэдэнд үнэхээр хайртай байсан гэдэг нь үнэн билээ. Хүүхдүүд нь ч хайртай, халамжтай аав гэдгээр нь дурсах дуртай гэнэ лээ.
Холбоотой мэдээ