
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Варшав дахь төвийн Ардчилсан институтийн хүний эрхийн асуудал хариуцсан захирал, Варшав дахь Словян улсын Бүрэн эрхт элчин сайд ноён Жейнес Ленаркиктэй уулзлаа. Тэрээр ЕАБХАБ-ыг төлөөлөн Монголын Улсын 5 дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирээд байгаа аж.
Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад өнгөрсөн оны 11 дүгээр сард элсээд удаагүй байгаа ч тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг өргөжүүлж байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газрын санаачлагаар хууль зүйн шинэтгэлийн хүрээнд шүүх байгууллагын тухай багц хуулийг УИХ-аар батлан энэ оны 4 дүгээр сарын 15-аас мөрдөж эхлээд байгаагийн зэрэгцээ хууль сахиулах байгууллагын тухай багц хуулиудын төслүүд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа, түүнчлэн Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хууль болгон шинэчилж, иргэндээ, нийгэмдээ илүү үйлчилсэн боловсронгуй хууль болгохоор ажиллаж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга уулзалтын үеэр онцлов. Эдгээр ажлын хүрээнд шүүх, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, сэтгэхүй, хандлагыг нь өөрчилж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн харилцаа, соёлд сургах цогц ажлыг хийх хэрэгтэй байгаа, ялангуяа энэ чиглэлээр ЕАБХАБ-тай хамтран ажиллах, хүнлэг хуульт засаглалыг хөгжүүлж ирсэн Европын улсуудын олон зуун жилийн туршлагыг газар дээр нь очиж судлах сонирхолтой байна гэдгээ тэрээр нэмж хэлэв.
Ноён Жейнес Ленаркик, улс орон дахь хуулийн шинэтгэлийн талаар, одоогийн тулгамдсан асуудлынхаа талаар дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгсөнд ХЗБХ-ны даргад талархаад ЕАБХАБ бусад олон оронтой хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Тэгэхдээ нэгд, хүний эрх, хүйсийн тэгш байдал, шашин шүтэх эрх чөлөө, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, улс төрийн намуудын асуудлаар одоо мөрдөгдөж байгаа болон хэлцэгдэж байгаа, өргөн барихаар боловсруулж байгаа хуулиудаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хууль тогтоомж, олон улсын стандарттай дүйцүүдэн эргэж харах, хоёрт, уулзалт хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийх, ялангуяа Монгол шиг иргэнийн нийгмийн байууллага нь сайн хөгжсөн оронд тэдний дуу хоолойг сайн сонсох, гуравт, дахин сургалт явуулж, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнуудыг сургах хэрэгтэй гэдгийг тэрээр хэллээ.
Уулзалтын төгсгөлд ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орон болсон нь ардчиллын жинтэй баталгаа болсныг дахин онцлоод Монголд хүний эрхийг дээдэлсэн хуулийн шинэтгэлийг хийхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйт төрийг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар олон улс орныг хамарсан үйл ажиллагаа явуулж, НҮБ, ЕХ, НАТО, Европын зөвлөл болон бус нутгийн бусад байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. ЕАБХАБ эдүгээ Газрын дундад тэнгисийн 6 орон, /Алжир, Ешипет, Израил, Йордан, Марокко, Тунис/, Ази тивээс Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Австрали зэрэг 5 улстай хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилах хэлтэс мэдээлэв.