Энэ зуур нүүрсний үнийн орлогоор “тэжээгддэг”, дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл гэхээр зүйлгүй Монгол Улсын экспорт буурсаар байна. Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 220-250 “ногоон”-оор үнэлэгддэг ч Монгол Улс Тавантолгойн “шатдаг” чулуугаа дөнгөж 56 ам.доллараар борлуулж байна. Ингэхээр бид нэг тонн нүүрс тутмаас 150 “ногоон” алдаж байна.
Үндэсний статистикийн мэдээлснээр энэ 6-р сарын 15-ны байдлаар Монгол Улсын импорт 2.7 сая ам.доллар болж экспортоосоо нэг сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны алдагдал 910 саяд хүрээд байна. Нийт импортод хамгийн их жин дардаг нь хүнд машин механизм, барилгын материал. Түүний дараа хүнсний импорт орж байна. Эдгээрээс зөвхөн махны зах зээлийг авч үзье. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны цахим хуудаст дурдсанаар Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний 2010 онд 229.5 мянган тонн байсан бол дотоодын үйлдвэрлэлээр дөнгөж 89.1 мянган тонныг нь л хангаж чаджээ.
Харин гурилын хувьд бидний хэрэгцээ 249.5 мянган тонн бол дотоодоосоо 57.5 мянган тонныг нь нийлүүлжээ. Энэ оны хувьд үхэр, адууны махны боловсруулах үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээсээ 23-67 хувь хүртэл буурсан байна.
Статистик мэдээлэлд дурдсанаар үндэсний аж үйлдвэрийн өсөлт 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний дөрвөн сард 682.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс гурван хувиар өсчээ. Тэгэх тэгэхдээ уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ өсөлтийн дийлэнхийг хангажээ. Түүнээс биш монголчуудын хамгийн сайн эрхэлдэг хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, түүхий эд, анагаах ухааны томоохон нээлт, бүтээгдэхүүнүүд энэ жагсаалтад багтсангүй.
Учрыг дараах жишээгээр тайлбарлахыг оролдъё. 2.7 сая хүн амтай Монгол Улс 40 сая хол давсан малтай. Эдийн засгийн хувьд ёстой л махны “баянбулаг”-аараа дэлхийд гайхагдах хэмжээний тоо. Гэтэл улсын хэмжээнд жилд 100 мянган тонн тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай 36 мал нядлах үйлдвэр бүртгэлтэйгээс 18 нь сүүлийн гурван жилд тогтмол ажиллаж, бусад нь зогсонги байдалтай байна.
Эдгээр 36 үйлдвэр нь 50.5 мянган тн мах нэг удаад хадгалах хөргөлтийн агуулахтай ч хүчин чадлынхаа дөнгөж 15 хувийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэл Монгол Улсын зах зээлд ажиллах томоос том орон зай нээлттэй, хүлээсэн, үгүйлсэн хэвээр байна. Гэвч гадны импортын бараагаар “хахаж” цацан байгаа эдийн засаг, үндэсний үйлдвэрлэлийг татвар, урамшууллын бодлогоор дэмжиж тэтгэхээ умартсан төрийн бодлогын “ачаар” өнөөдөр Монголд мах магнаг болтлоо үнэд ороод байна.
“Монгол Улс гадаадын импортоос хамааралтай байгаа нь хамгийн том эмгэнэл. Бидний хамаг валют гараад явчихаад байна” хэмээн эдийн засагч М.Пүрэвцогт хэллээ. Баялаг бүтээдэггүй төсвийн албан хаагчдын цалин хүртэл өнгөрсөн жил 23 хувиар өссөн байхад эдийн засгийн өсөлтийг нуруундаа үүрч, хамаг хүнд хүчрийг амжуулдаг үйлдвэрлэгчдийн бизнесийн график дөнгөж гурван хувиар өргөжжээ.