“Бразилийн хавар” юу авчрах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

“Бразилийн хавар” юу авчрах вэ?

“Бразилийн хавар” гэх үг дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр моодонд ороод байна. Сүүлийн хоёр долоо хоногийн турш Бразиль улс эсэргүүцэгц, тэмцэгчдийн хөл, дуу шуунд дарагдсан гэхэд болно. Одоо дуу нь намжаагүй байгаа. Тэд юуны төлөө ийнхүү тэмцэж байгаа вэ? Ердөө л иргэддээ илүү хэмжээгээр мөнгө зарцуул. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж, ажилгүйдэл, хүнд суртал, төрийн дарамтыг багасгахыг тэд хүсч байгаа. Хүслээ бодит ажил болгохын тулд тэд жагсаал зохион байгуулж байгаа нь энэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор төрийн бодлого хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хөрөнгө оруулалтыг багасгасан билээ. Энэ нь энгийн бразильчуудыг ийнхүү босоход хүргэсэн нь энэ.

САЙХНААС МУУХАЙ РУУ

Бразиль улс түүхэндээ анх удаа олимпийн наадмыг, хоёр дахь удаагаа дэлхийн цомыг хүлээж авах гэж байгаа. Энэ бол гайхалтай хэрэг. Бүс нутаг төдийгүй дэлхийд эдийн засгаараа толгой цохих болсон энэ улсын хувьд олон улсад нэр хүндээ дээшлүүлэх том боломж нь энэ хоёр тэмцээн. Тэмцээн дагуулан барьж байгуулсан цэнгэлдэх болон үзвэр үйлчилгээний газрууд дараа нь зардалаа нөхдөг гэх бичигдээгүй хууль бий. Гэтэл сайхан зүйлс болохоос өмнө жирийн Бразилчууд туйлдаж эхэллээ. Тэд цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал барихад олон тэрбум доллар зарцуулах биш, ард түмэндээ, тэдний аюулгүй байдал, таатай орчинд амьдрах боломжийг хангах хэрэгтэйг сануулж байна. Зургадугаар сар гарснаас хойш Бразилчууд асч эхэлсэн. Тэд өндөр татвар, бага цалин, хүрэлцээгүй эрүүл мэндийн үйлчилгээг эсэргүүцэж тайван замаар эхэлж байсан бол цагдаагийн байгууллага хүч хэрэглэх аргыг ашиглаж эхэлсэн нь ард иргэдийг ийнхүү босоход хүргэсэн талтай.
“Бразилийн эдийн засаг ирэх жил алдагдалтай гарна. Сүүлийн хэдэн жилийн өсөлт ч зогсох болно. Учир нь үйлдвэрлэлээ дэмжсэн, ард иргэдээ дэмжсэн ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. Тэд том цэнгэлдэхүүд, зочид буудал, үзвэр, үйлчилгээний газруудыг л барихад улсын төсвийнхөө бараг тал хувийг зарцуулж байна. Зарим тохиолдолд талаас ч илүүг зарцуулж байгаа судалгаа гарсан. Энэ бол тэртээ тэргүй хямралтай байгаа эдийн засгийн гинжийг хүчтэй савлуулж байгаатай ялгаа байхгүй” гэж Сан Паулогийн их сургуулийн эдийн засгийн факультетийн профессор Донателло Францини ярьжээ.

ТЭВДСЭН ЗАСАГ

Бразилийн засгийн газар энэ үйл явдлын дараачаар ганхаж эхэлсэн. Тэд чухам юу хийж, ямар бодлого баримтлахаа одоо ч шийдэж чадаагүй байна. Тэднийг мунгинаж байх хооронд Бразилийн иргэдийн эсэргүүцэл намжсангүй улам нэмэгдсээр. Ерөнхийлөгч Дилма Русефийн бодлого анхнаасаа олимт, дэлхийн аваргад чиглэгдэж байсан болохоор засгийн газраа тийм ч амархан унагачихгүй гэж таамаглагчид үзэж байгаа. Гэхдээ тэр өөрийн засаглалыг аварч үлдэхийн тулд засгийн газраа огцруулж болно. Хэрвээ ард иргэд нь Русефийг албан тушаалаа өг гэж шаардаад эхэлбэл байдал эвгүйтнэ. Гэхдээ энэ айдас аль хэдийнэ Русефийн захиргаанд биелэлээ олоод эхэлчихсэн. Бразилийн ард иргэдийг АНУ, Канад, Англи, Испани гэх 15 гаруй улсууд дэмжиж байгаа. Ард иргэд нь ч үүнийг хүлээн зөвшөөрч буй. Энэ цаг мөчид чухам ямар шийдвэр гарах бол гэдгийг ажиглагчид анхааралтай харж байгаа. Хэрвээ байдлыг хурцатгахгүй байхыг ФИФА үзэж байгаа бол дэлхийн аваргыг цуцалж ч болно. Байдал цуцлагдах дээрээ тулбал Бразил зогсоож чадахгүй хямралтай нүүр тулах нь гарцаагүй. Гэхдээ ФИФА ийм түргэн шийдвэр гаргахгүй байх магадлал ч өндөр юм.

Бразилаас хэдэн мянган км-ын цаана байх Туркэд яг иймэрхүү цуглаан, жагсаал өрнөж байгаа. Бразилыг бодвол хүнд үеэ ардаа хийчихсэн. Туркийн засаг ерөнхийдөө бууж өгөх тал руугаа хэлбийж байгаа. Хэрвээ ард иргэдийн хүсээд байгааг хэрэгжүүлье гэж санавал дансаа бараг улайлгаад байгаа энэ улсад улам л хэцүү болно. Яг энэ асуудалтай холбоотойгоор тодорхой тайлбарыг ард түмэндээ ойлгуулах нь зөв сонголт болох учиртай. Хамгийн сүүлд энэ улсад олныг хамарсан жагсаал цуглаан 1992 онд болж байсан удаатай. Тухайн үед Фернандо Коллар де Мелогийн засаг захиргааг шүүмжилсэн олон мянган иргэд цуглацгааж, санасандаа хүрч байсан билээ. Нөгөөтэйгүүр энэ он гарснаас хойш латин америкийн улс гүрнүүдэд жагсаал цуглаан тасрахгүй байна. Чили, Аргентин зэрэг улсууд засаглалаа эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан. Хурцадмал байдал эдгээр улсуудад одоо ч намжаагүй байгаа. Энэ бүгдээс харвал хоёр л үр дүнг энэхүү жагсаалаас хүлээж болно. Эхнийх нь засаг өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсох. Эсвэл ард иргэдийн хүслийг биелүүлж эдийн засгаа улам ганхуулах.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж