
Улсын долоо дахь Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд
1.856.190 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдээд байна.
Үүнд зөөврийн хайрцгаар саналаа өгөх сонгогчийн тоо бас хамаарч байгаа
болно. Мөн нийт бүртгэгдсэн сонгогчдоос 950 мянга нь 18-35 насны
залуучууд болохыг төрийн бус байгууллагын зүгээс мэдэгдэж буй. Өөрөөр
хэлбэл, нийт сонгогчийн 50 хувь залуучуудаас бүрдэж байна гэсэн үг юм.
Харин сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулийн ирцийн
мэдээг авч үзвэл дээрх насныхны оролцоо буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ
нь оюутан, залуусын сонголт сонгуульд тусахгүй байх магадлалыг нэг
талдаа өндөрсгөж байгаагийн зэрэгцээ нөгөө талдаа сонгуульд идэвхигүй
оролцох нь эргээд сонгуулийн ирцэд нөлөөлөх эрсдэлтэй тул Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалъя.
УИХ-аас
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 15.8 тэрбум төгрөгөөр
баталж өгсөн. Сонгуульд оролцож саналаа өгөх сонгогчийн ирц 50 хувьд
хүрээгүй нөхцөлд дахин санал хураалт явуулахаас аргагүй. Ийм нөхцөлд
дахин сонгуулийн зардал төлөвлөнө, энэ бол татвараас бүрдсэн орлогыг
дахин сонгуульд зарцуулна гэсэн үг. Энэ нь таны амьдардаг дүүрэг,
цаашлаад хороонд барихаар төлөвлөсөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихад
зарцуулагдах хөрөнгийг хумьж, дахин сонгуулийн зардалд төлөвлөхөд хүрч
болзошгүй. Дээрх нөхцөлд хоёр өрөө орон сууцыг 60 сая төгрөгөөр тооцоход
200 айлын орон сууц барих мөнгийг монголчууд бид дахин сонгуульд алдана
гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч таны
санал бүр чухал. Нэр дэвшигчдээс хэнд итгэл үзүүлж саналаа өгөх нь
зөвхөн таны эрх.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад хуульд заасны дагуу
төрийн албан хаагчдыг дайчилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч
байгаа мэдээллээр улсын хэмжээнд 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339
сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо тус бүр байгуулагдан санал авах
ажлыг зохион байгуулж байна. Үүнд 15863 төрийн
албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа бол сонгуулийг автоматжуулсан
системээр зохион байгуулахтай холбоотойгоор 1896 хэсгийн хороонд
мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн имтгэмжлэгдсэн 2500
гаруй ажилтан, хэв журам сахиулахаар ажиллаж буй цагдаа, тагнуулынхныг
оруулан тооцвол нийтдээ 20 мянга гаруй төрийн албан хаагч үндсэндээ
дайчлагджээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг
ажиглахаар гадаадын 35 орноос 400 гаруй ажиглагч хүрэлцэн ирээд байна.
Харин саналын хуудсыг унших автомат машин үнэн зөв ажиллаж
байгааг баталгаажуулах зорилгоор долоон төрлийн шалгалтад оруулж
баталгаажуулсны зэрэгцээ зургадугаар сарын 21-нд ашиглалтын бэлэн
байдлыг турших ажиллагааг сонгуулийн бүх хэсгийн хороодод зохион
байгуулж, аюулгүй найдвартай ажиллагаа хангагдсаныг нягталж
баталгаажуулав. Энэхүү туршилт нь сонгогчдыг санал авах автомат машинд
эргэлзэхгүй байхын баталгаа болсон юм. Түүнчлэн саналын хуудсыг хэсгийн
хороодод хүргүүлсэн учраас өнгөрөгч ням гаригаас хэсгийн хороодыг цагдаагийн
хамгаалалт авлаа. Улсын хэмжээнд сонгуулийн санал авах 1896 хэсгийн
хороо байгаагаас 368 нь нийслэлд, 1528 нь хөдөө орон нутагт байрлажээ.
Сонгогч та маргааш санал өгөхөөр санал авах байранд очихдоо, зөвхөн
иргэний үнэмлэхээр санал өгөхийг анхаарна уу. Өөр бичиг баримтыг таниас
шаардах эрхгүй. Сонгогч та саналын хуудас дээр бичигдсэн гурван нэр
дэвшигчээс зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг будаж тэмдэглэгээ
хийнэ. Сонгогч танд амжилт хүсье, таны санал ирэх дөрвөн жил Монгол
Улсын төрийг жолоодох Ерөнхийлөгчийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.




