NBA Playoff: “Супермэн” “Харцагууд”-ын дээгүүр нислээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

NBA Playoff: “Супермэн” “Харцагууд”-ын дээгүүр нислээ

Улирлын шилдэг хамгаалагчийн шагналаа Двайт Ховард хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гардсанаар “Орландо Мэжик”, “Атланта Хаукс” багийн цувралын хоёр дахь тоглолт эхэллээ. Эхний тоглолтод Атланта хотын залуус “Супермэн” тэргүүтэй Орландогийн залуусыг талбайд нь буулган авч, цувралыг тэргүүлж эхэлсэн билээ. Тиймээс ч “Мэжик” талбайдаа хоёр дараалсан хожигдол хүлээхгүй зорилготой талбайд гарч ирсэн нь харагдаж байлаа. Гэхдээ эхний үеийг зочид 22:16 харьцаатай илүүрхэн дуусгасан ч хоёрдугаар үед талбайн эзэд огт өөр баг болсон байв. Улмаар тэд хоёрдугаар үед 12 оноо өрсөлдөгчөөсөө илүү авснаар тоглолтын санаачлагыг гартаа авч эхэлсэн юм.

Эхний хагаст талбайн эздийн лидер Ховард гаргах ёстой тоглолтоо гаргаж, багаа тэргүүлж байсан бол түүнд Хедо Туркоглу, Жамир Нелсон нар тус болжээ. Мөн Дьюкийн их сургуулийн од ЖэйЖэй Рэдикк хамгаалалт сайн хийдгээ харуулж, хоёр ч хэрэгтэй бөмбөг таслалт хийж багтаа тус хүргэсэн юм. Харин сүүлийн хагасын эхний үед багууд тун тааруу шидэлт гүйцэтгэж, бие биенийхээ хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсан юм. Энэ үед багууд 17-12 гэсэн оноог авсан. Онооны давамгайлал “Ордандо”-д байсан учраас тэд тун тайван тоглолт үзүүлж, сүүлийн хагасыг үргэлжлүүллээ. Гэхдээ зочид сүүлийн үед өрсөлдөгчөөсөө таван оноо илүү авсан ч “Орландо” 88:82 харьцаатай хожиж, цувралын харьцааг тэнцүүлж чадлаа.

Тоглолтын турш ганц ч секунд сэлгээнд суугаагүй Двайт Ховард бүх тоглогчдыг 33 оноо, 19 самбараар тэргүүлсэн бол Жамир Нелсон 13, Хедо Туркоглу 10 оноогоор түүнд тус болсон байна. Харин “Харцагууд”-аас Жамал Крауфорд сэлгээнээс 25 оноогоор багаа тэргүүлж сайн тоглосон. Жое Жонсон 14, Жош Смит 17, Аль Хорфорд 10 оноо авсан аж.

Дорнодын энэхүү цувралын гурав дахь тоглолт Монголын цагаар бямба гаригийн өглөө Атланта хотноо болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж