
Эхний хагаст талбайн эздийн лидер Ховард гаргах ёстой тоглолтоо гаргаж, багаа тэргүүлж байсан бол түүнд Хедо Туркоглу, Жамир Нелсон нар тус болжээ. Мөн Дьюкийн их сургуулийн од ЖэйЖэй Рэдикк хамгаалалт сайн хийдгээ харуулж, хоёр ч хэрэгтэй бөмбөг таслалт хийж багтаа тус хүргэсэн юм. Харин сүүлийн хагасын эхний үед багууд тун тааруу шидэлт гүйцэтгэж, бие биенийхээ хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсан юм. Энэ үед багууд 17-12 гэсэн оноог авсан. Онооны давамгайлал “Ордандо”-д байсан учраас тэд тун тайван тоглолт үзүүлж, сүүлийн хагасыг үргэлжлүүллээ. Гэхдээ зочид сүүлийн үед өрсөлдөгчөөсөө таван оноо илүү авсан ч “Орландо” 88:82 харьцаатай хожиж, цувралын харьцааг тэнцүүлж чадлаа.
Тоглолтын турш ганц ч секунд сэлгээнд суугаагүй Двайт Ховард бүх тоглогчдыг 33 оноо, 19 самбараар тэргүүлсэн бол Жамир Нелсон 13, Хедо Туркоглу 10 оноогоор түүнд тус болсон байна. Харин “Харцагууд”-аас Жамал Крауфорд сэлгээнээс 25 оноогоор багаа тэргүүлж сайн тоглосон. Жое Жонсон 14, Жош Смит 17, Аль Хорфорд 10 оноо авсан аж.
Дорнодын энэхүү цувралын гурав дахь тоглолт Монголын цагаар бямба гаригийн өглөө Атланта хотноо болно.