
Байнгын уншигчдын ширээний хэвлэл болсон тус сэтгүүлийн шинэхэн дугаарт нэгэн цагт ИЗНН-ын лидерээр тодорхойлогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан Л.Дашням ноёнтны хүргэнүүд болох ЭМ-ийн экс сайд Н.Хүрэлбаатар, “Стандарт” группийн захирал Д.Батаа нарыг онцолжээ. Мөн сангийн сайд сандалыг эзэгнэх заяатай төрсөн Ч.Улааны залуу гэргий болоод 1000 нэрийн барааг эзэгнэгч шинэхэн хадмуудыг нь танд танилцуулах юм. Папараци дурандаа үндэсний бөхийн үүх түүхийг удам дамжин бичилцэж яваа даян аварга А.Сүхбатын анхны гэргий Б.Баясгалангийн ууган хүү буюу Д.Хишигдорж зааны нууц хүүг онилсон байна. Нэгэн цагт хар шилний цаана нуугдаж, хөшигний ард амьдарч явсан ноён Женкогийн амьдрал, намтар улс төрд орж ирснээр олонд дэлгэгдсэн.
Тэгвэл хэний ч мэдээгүй нэгэн нууц ба түүний анхны хайрын эзэн, анхны гэргий З.Уянга хэмээх бүсгүйг “Гранд”-ынхан дуранджээ. Түүнчлэн түрүүчийн дугаараасаа эхлэн барилгын бизнест хүч үзэж буй эрхмүүдийн хөрөнгө мөнгө цохиж барьсан барилгуудыг танилцуулсан сэтгүүлийн хамт олон энэ удаад өмч хувьчлал гэх нэрийн дор төрийн мэдэлд байсан барилгуудыг өөрсдийн болгож, өч төчнөөн хүнийг хохироосон хэргийн эздийг танилцуулж “алтан хошуу” хүргэхээр шийдсэн байна.
Мөн хүүхдийн баяраар төрийн томчуудаас эхлээд урлаг, спорт, бизнесийн салбарын “одод” хүүхдүүдээ хэрхэн баярлуулсан болон тэдний бяцхан үрстэй нь танилцах боломжийг “Гранд” олгожээ. Харин дугаараас дугаарын хооронд уншигчдын тэсэн ядан хүлээдэг ярилцлагын буланд төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн ач, алдарт зураач Я.Үржнээ гуайн охин дизайнер Ү.Юмжир уригджээ. Түүнчлэн тэр бүр хэвлэлийн хуудаснаа гарч, олонд танигдаагүй нууцлаг эрхмүүдийг олзолсоноос дурьдвал. Алдарт Д.Сүрэнхорын хадам эгч хатагтай Алтанчимэг, Монголын цор ганц жүүд эр Л.Сумати, Өвөрхангайгаас өч төчнөөн хэл ам дагуулан байж тангараг өргөсөн Д.Зоригтын дэгжин охид, шинэхэн түшээ “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн ууган хүү болоод түүний найз бүсгүй хэн болох гээд олон сонирхолтой, сенсаацитай мэдээллээр сэтгүүлийнхээ нүүр хуудас бүрийг чимсэн аж. Эцэст нь үргэлж өөрийнхөөрөө, дур зоргоороо басхүү эрх дураараа хэрнээ омголон дайчин байж чаддаг яруу найрагч Цоодолын Хулан “Алтан зэгсийн ангир” шинэхэн номоо Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хур бороо дагуулан өлгийдсөн баярт мөчийг танд хүргэхээр шийдсэнийг уламжлая.