
М.Хүрэлсүх найрагч сүүлийн үед дууны уран бүтээлийг дагнан бичиж байгаа бөгөөд 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, түүний шүлгээр бүтсэн “Хурмастын дууч шувуу” дууг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Уянга дуулан, тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн дуу түрүүлж байсан юм.
Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгэнд аялгуу хийж, Ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн энэ жилийн “Морин хуур” наадмаас Гран-При хүртэж байсан юм.
Яруу найрагч М.Хүрэлсүхийн хувьд сүүлийн жилүүдэд бүтээл арвинтай байгаа бөгөөд ихэвчлэн эх орон, ижий ааваа магтан бичихээс гадна Монголынхоо газар шороогоо хайрлан хамгаалж, шүтэж явдаг үндэрсэг үзэлтэн гэдгээ “Аминаас үнэтэй Монгол” бүтээлээрээ харуулж чадсан юм. Тэрээр өмнө нь 2010 онд “Нармай Монгол” яруу найргийн ном, “Зөв совин ивээж байна” цомог гаргаж, уран бүтээлийн цэнгүүнээ хийж байсан юм.
Үүнээс гадна түүний олонд танигдсан, түүнийг ямар уран бүтээлч вэ гэдгийг олон түмэнд харуулсан бүтээлүүдээс нэрлэвэл, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж аялгууг нь хийсэн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Сэлэнгэ сайхан нутаг, “Цас бид гурав”, “Төөрөг”, “Энхрий үрс” зэрэг дуунууд байгаа юм. Түүний энэ удаагийн номын өмнөтгөлийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дан.Нямаа бичсэн бөгөөд түүний номын баярыг ч мөн хөтлөн явуулсан юм. “Буга шүтээн” номын баярт Ардын уран зохиолч Т.Галсан, Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Ганхуяг болон бусад хүндэт зочид, түүний уран бүтээлийн андууд, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа. АУЗ Т.Галсан номын баяр дээр түүний талаар хэлэхдээ “Манай Хүрлээ хэдийгээр яруу найрагт сүүлхэн орж ирсэн боловч томоохон байр суурь эзлэхээр яруу найрагч мөн болохоо өөрийн бүтээлүүдээрээ харуулж байна. Гэтэл тэрээр өөрийгөө одоогийн хүүхдүүд шиг яруу найрагч хэмээн өргөмжилдөггүй. Энэ нь буурь, ухаан суусан хойноо утга зохиолд орж ирсэнтэй нь холбоотой байх” хэмээн онцлон хэлсэн юм.
Мөн энэ өдөр яруу найрагч М.Хүрэлсүх Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан юм.
Бид түүнийг уран бүтээлийн хоёр дахь ном, дууны уран бүтээлийн цомгоо гардан авч, эмзэглэл бахархал хоёрын дэнсэн дээр сэтгэл догдлон байхад нь цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Та яруу найргийн хоёр дахь номоо “Буга шүтээн” нэртэйгээр гаргалаа. Энэ номынхоо талаар ярихгүй юу?
-Ер нь бол гуравдахь ном маань гэж ойлгож болно. Өмнө нь “Нармай Монгол” нэртэй яруу найргийн номоо гаргаж байсан бол “Их Богдын эгшиглэн” нэртэй Баянхонгор аймгийнхаа яруу найрагчдын бүтээлийг эмхтгэн гаргасан. Одоо тэгээд “Буга шүтээн” яруу найргийн ном, дууны цомогоо гаргаад байна. Цомог маань нийтдээ гучаад дуутай. Номоо “Буга шүтээн” гэж нэрлэсэн маань буга бол монголчуудын эртнээс нааш шүтэж ирсэн шүтээн. Тагнын нуруунаас Хянганы нуруу хүртэл өргөн уудам нутгаас олддог монголын үнэт дурсгал юм. Үүгээрээ өөрийнхөө үзэл бодлыг нийт монголчууддаа ойлгуулж, ховор дурсгалуудаа хайрлах сэтгэлийг суулгахыг зорьсон. Өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна.
-Та “Морин хуур” наадмын сүүлийн хоёр жилийн тэргүүн байрыг хүртсэн. Тэгэхээр өөрөө дууны уран бүтээлээр дагнаж байна уу?
-Ер нь бол яруу найраг талдаа бичдэг л дээ. Дууны уран бүтээл гэж туйлширсан юм байхгүй. Ажлынхаа зав чөлөөгөөр уран бүтээлээ туурвидаг. “Морин хуур” наадамд гурван удаа амжилттай оролцсон. Ч.Сангидорж ахтайгаа хамтарч хийсэн “Монгол минь ганц” дуугаараа 2010 оны “Морин хуур” наадмын дэд байрын шагнал авч байсан. Би 2009 оноос анхлан шүлэг яруу найраг бичиж эхэлсэн. Миний хувьд бусад яруу найрагчдыг бодвол нэг давуу тал нь санхүү байдаг байх гэж боддог. Тийм учраас ном, цомгоо олон түмэндээ илүү хүргэх юмсан гэж хичээдэг. Энэ удаагийн цомогт маань миний “Нүүдэл” шүлгийг Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам уншиж сонсогчдод хүргэсэн байгаа.
-Уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх бодол байгаа юу?
-Энэ жил манай “Шөнийн зах”-ын 20 жилийн ой болж байгаа. Тиймээс компанийнхаа ойд бэлэг барьж, ойр дотныхоо хүмүүст зориулсан уран бүтээлийн бэлэг барих бодол бол байгаа.
Түүний номын өмнөтгөлд яруу найрагч Дан.Нямаа түүнийг тодорхойлон бичихдээ “Амьнаас үнэтэй Монгол”-оо өмгөөлөн бичигч” хэмээсэн байна. Яруу найрагч М.Хүрэлсүхийн “Буга шүтээн” ном ийнхүү уншигч авхай таны гар дээр очиж байна. Илүү үг олныг нуршаад яахав. Тэгээд ч алдарт Расул Гамзатов “Номын өмнөтгөл үгэнд илүү үг бичих нь үзэж буй киноны минь өмнүүр хүн халхлах шиг уйтай” хэмээн бичсэн байдаг билээ. Яруу найрагт дуртай, хайрлан уншдаг танд “Буга шүтээн”-ий сайн сайхныг олж харахыг үлдээе.