"Далд эдийн засгийг хайх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

"Далд эдийн засгийг хайх хэрэгтэй"

"Тэрбумаас дээш борлуулалтаа тайланд тусгадаггүй хүмүүсээс далд эдийн засгийг хайх хэрэгтэй"

"Далд эдийн засгийг хайх хэрэгтэй"

Татвар та бидний амьдралд ямар хэрэгтэйг нурших нь илүүц биз. Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон татвар нь  төрд ашигтай байхын зэрэгцээ татвар төлөгчдөд ч ээлтэй байх талаас ихээхэн анхаарч байгааг Татварын ерөнхий газрын /ТЕГ/ дарга Т.Батмагнай тодотгож байлаа. Тэрбээр татварын мэргэжилтнээр бэлтгэгдсэн, СЭЗДС-ийн анхны төгсөгчдийн нэг юм. Тиймээс ч татварын албыг “Төсөв бүрдүүлэгч арми” гэдэг утгаар нь хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тийм л хүндэтгэлт сэтгэлээр ТЕГ-ын босгыг алхан орж байжээ. Татварын хоёр дахь удаагийн шинэчлэл хийгээд татварын байцаагч нарыг тойрсон дуулиант хэргүүдийн талаар бид ярилцлаа. 

-НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх талаар хууль боловсруулсан. Хуульд 200 сая төгрөгөөс дээш орлоготой бол НӨАТ төлнө гэж оруулснаас үзэхэд татвар өмнөхөөс дутах нь мэдээж. Түүнийг юугаар нөхөхөөр тооцсон бэ?
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн боловсруулан өргөн барьсан хуульд НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна лээ. НӨАТ-ын хуулийн тухайд бол 1998 онд батлагдсанаас хойш эдийн засгийн орчин маш өөр болсон. Тиймээс татварын хоёр дахь шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын босгыг нэмэх нь зүйтэй  гэдэгтэй Сангийн яам болоод ТЕГ-ын зүгээс санал нэг байгаа. Гэхдээ 200 сая гэдэг арай өндөр, тооцоолол муутай тоо гэж үзэж байгаа. НӨАТ-ын тухай  хуулийг анх боловсруулан батлаад,  Монгол Улсад хэрэгжүүлэх шатанд дутагдалтай байсан. Тиймээс ч батлагдсанаас хойш хамгийн олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдсэн хууль байдаг. Бараг 30 гаруй удаа уг хуульд “гар хүрэх” болгондоо тусгасан нэмэлт өөрчлөлт нь хөнгөлөлт чөлөөлөлт байв. Тэр бүгд нь хугацааны хувьд хязгаар байхгүй, анх нэмэлт өөрчлөлтөөр тусгасан нь өнөөг хүртэл үйлчилж байна. Үүнээс болоод энэхүү хууль маш хэврэг суурьтай болсон бөгөөд суурь нь хэврэгшээд ирэхээр хэрэгжилт нь гажаад эхэлсэн байдаг.

-Энгийн бидний ойлгож байгаагаар НӨАТ-ын босгыг өндөрсгөхөөр жижиг дунд аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас бага боловч ангижрах боломжтой юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ?
-Наад сэтгэхүй чинь л НӨАТ-ын гажуудал шүү дээ. Хууль нь жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгаагаас нийгэмд ийм сэтгэхүйг бий болгосон байдаг. Сангийн яам болоод ТЕГ-ын зүгээс бол НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа. Ингэхдээ олон улсын аргачлалын дагуу НӨАТ-ын босгыг тогтоохдоо инфляциас гадна эдийн засагт эргэж буй бэлэн мөнгө, ДНБ, далд эдийн засгийн төвшин зэрэг хүчин зүйлүүдийг хамруулан томъёолдог жишгээр тооцъё гэж байгаа. Энэ бүх аргачлалаар тооцвол НӨАТ-ын босго 200 саяас хэд дахин бага байхаар  харагдаж байна.

-Тэгвэл НӨАТ-ын босгыг багасгаснаар НӨАТ төлөгчдийн тоо 200 саяын босго тогтоосноос хамаагүй олон болох нь ээ?
-Хэдийгээр одоогийн хуулийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудыг “НӨАТ төлөгч” гэж нэрлэдэг ч гэсэн, тэдгээр нь тухайн татварын зарчмаараа бол НӨАТ суутгагч юм. Харин бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, ашиглаж буй иргэд буюу эцсийн хэрэглэгчид НӨАТ төлөгчид юм. Гэтэл хууль зөв хэрэгжээгүйгээс суутгагч нар чөлөөлөлт эдлээд ирсний дээр зарим нэг компаниуд бүртгэлээ зөв явуулаагүйгээс дарамтад ороод байгаа хэрэг.

-Тэгвэл НӨАТ-ыг огт босгогүй болгоод бүх аж ахуйн нэгжүүд НӨАТ суутгагч байвал бүр сайн юм биш үү?
-Үгүй ээ. НӨАТ-ыг босгогүй болгочихлоо гэхэд иргэн ч НӨАТ суутгагч болно. Тэгэхээр хувиараа бизнес эрхлэгч иргэн, жижиг  лангуунд худалдаа эрхлэгч, том жижиг аж ахуйн нэгж бүр өөр хоорондоо НӨАТ-ын падааныг 1 мөнгөний борлуулалт тус бүрт харилцан бичилцэх, түүнийгээ бүртгэх, мөн сар тутам НӨАТ-ын тайлан гаргах гэсэн их ажилтай болно. Ингэхээр иргэдэд болон компаниудад байнга тайлан гаргах нэг үүрэг нэмэгдэнэ. Энэ үүргээс гадна тэр олон гүйлгээг бүртгэх, тайлагнах зардал бас нэмэгдэнэ. Татварын байгууллагын хувьд ч тэр олон харилцагчаас сар тутам тайлан хүлээн авах, тооцоолол хийхэд хүн хүч хүрэлцэхгүй. Ер нь аль ч улс оронд НӨАТ-ын босго байдаг.

-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлэх ажлын хүрээнд татварын хоёр дахь удаагийн шинэчлэлийг хийнэ гэж тодорхойлсон. Хоёр дахь удаагийн шинэчлэлд яг юу юу багтаж байгаа вэ?
-Татварын хоёр дахь удаагийн шинэчлэлийн гол агуулга жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа. Олон жил хөдөлмөрлөж байгаа ч дундаас дээш төвшинд хүрч чадахгүй, хүсэл тэмүүлэл нь байвч орчин нөхцөл нь бүрдээгүй тэр л хүмүүст чиглэсэн шинэчлэлийг татварт тусгана гэж товчхон тодорхойлж болно. Үндсэн хэд хэдэн шинэчлэл хийхээр санал боловсруулаад байгаа. УИХ-аар хэлэлцэж батлаагүй байгаа гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Үүнд:

Нэгдүгээрт, жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоё гэсэн заалтыг оруулсан. Жишээгээр тайлбарлая. 100 сая төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тайлан ирүүлсэн байлаа гэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) нь 10 сая төгрөг болно. Энэхүү татварынх нь есөн саяыг буцааж өгнө гэсэн үг. Дотоодын үйлдвэрээ хөл дээр нь баттай зогсоох шаардлагатай байна. Хоёр тайлан гаргаж, татвараа нуух гэж сандрахгүйгээр үйлдвэрлэл, бизнесээ чөлөөтэй тайван орчинд явуулах боломжийг тэдэнд олгох юм. Тиймээс бид төсвөө бүрдүүлэхийн зэрэгцээ татвар төлөгчдөө бас бодолцох л ёстой.
Хоёрдугаарт, шинээр бизнес эрхэлж байгаа аж  ахуйн нэгж, иргэдийг эхний 1-1.5 жилд ААНОАТ-аас чөлөөлье гэсэн саналыг мөн багтаасан.
Гуравдугаарт, татварын хуулиудыг цөөрүүлье гэсэн. Одоогийн байдлаар манай улсад татвартай холбоотой 18 хууль үйлчилж байна. Эдгээрийн багаар бодохор таваар бууруулъя гэж буй. Оновчтой, тодорхой хуультай болох нь татвар төлөгчдөд ихээхэн хөнгөлөлт болно.
Дөрөвдүгээрт, шинэ тутам бизнест хөрөнгө оруулсан тохиолдолд алдагдлыг шилжүүлж тооцох хугацааг уртасгана. Судалгаанаас харахад дунд болон томоохон хөрөнгө оруулалтууд  алдагдлаа нөхөж амжаагүй байтал тайлангийн хугацаа тулсан байдаг.
Тавдугаарт, тухайн компанийн хөгжлийн шинжтэй зардлыг хасагдах зардалд тооцдог болох юм. Хөгжлийн шинжтэй гэдэгт ажиллагсдын сургалт, компаниа бэхжүүлэхэд зориулсан зардлууд багтана.

Энэ бүх шинэчлэл хийгдсэний дараа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн нуруу тэнийнэ дээ. Татвараа үнэн зөв тайлагнадаг болно, компанийнхаа орлого зарлагыг зөв тооцож, санхүүгийн сахилга сайн сахих суурь тавигдахын дээр татварын дарамт үгүй болно. Эцсийн дүндээ дундаж давхаргынхны бизнес батжиж, ахуй амьдралд нь ч эерэгээр нөлөөлөх юм.

-Жижиг, дунд бизнес, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийг дэмжих бодлогоос болж, томоохон аж ахуйн нэгжүүд компаниа жижиглэж, багасган татварын 90 хувийг буцаан авах хандлага руу хальтрах юм биш үү?
-Мэдээж, олон дотор таны хэлсэн шиг задарч, жижигрэх үзэгдэл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ татварын байгууллага ямар компани хэрхэн ажиллаж байгааг хянадаг. Хяналтаар компаниа зориудаар багасгах бодлого явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Нөгөө талаас нь харвал компаниа жижигрүүлнэ гэдэг бизнесийн хувьд эрсдэл дагуулж, олон боломж алдаж байдаг. Жижигрүүлсэн байдлаар тухайн компани дунд болон томоохон хэмжээний гэрээ, хэлэлцээрт ч орох эрхгүй болно шүү дээ. Тухайн компанийн татвар төлсөн түүх, гэрээ хэлэлцээрт орсон байдал нь компанийн цар хүрээг харуулж байдаг. Тэгэхээр тэрхүү нэрийн хуудаснаас татгалзаж жижигрүүлэх сонирхол олон компанийн эздэд төрөхгүй гэдэгт итгэж байна. Уул уурхайн хөгжлөө даган манай улсын эдийн засаг цаашдаа тэлсээр байх болно.

-НӨАТ ямар тохиолдолд компани, аж ахуйн нэгжид ашигтай байдаг юм бэ. Зарим компаниуд НАӨТ-ын авлагатай гэх нь байдаг?

-НӨАТ нь ямар ч тохиолдолд ашигтай байх ёсгүй. Харин ашигтай байна гэдэг нь энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэх явцад гажуудал байгаагийн илрэл. НӨАТ-ын буцаан олголтыг тооцож байгаа байцаагчдын үйл ажиллагаанаас гадна НӨАТ-ын падааныг хяналтгүй зах зээлд гаргасантай холбоотой үүссэн зүйл. Тиймээс татварын албанаас НӨАТ-ын тайланг маш нарийн шалгаж авдаг болсон. Шалгаад эхэлмэгц сарын дотор хэдэн тэрбумын үйл ажиллагаа явуулсан компани татварт болохоор чагтан /Х/ тайлан өгчихсөн байсныг илрүүлсэн. Тэдгээр компанийг хохирлын хэмжээнээс шалтгаалан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэлх арга хэмжээ авч байгаа. Тун удахгүй НӨАТ-ыг хянадаг системийг нэвтрүүлнэ. Шинэ систем нэвтрүүлмэгц дунд нь тоглолт хийдэг хүмүүсийн орон зай үгүй болно. НӨАТ-ын авлагын хувьд бол тухайн компанийн бизнесээс хамааралтай зүйл, иймээс компани НӨАТ-ын авлагатай гарч болно.

-Татварын орлогын 90 хувийг томоохон татвар төлөгч нар бүрдүүлдэг гэсэн тоо бий. Тэгвэл нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн олонх нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд. Жижиг компаниудын төлсөн татвар нийт татварын 10-хан хувийг бүрдүүлдэг юм бол “томчууд”-ыг илүү дэмжих хэрэгтэй биш үү?
-Нийт татварын орлогын 70-80 хувийг томоохон татвар төлөгч нар бүрдүүлдэг. Тиймээс бид тэдэнд хөндсөн хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгахад илүү анхаарч байгаа. Том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан бол алдагдал тооцох хугацаа жилийг уртасгах, байгууллагынхаа чадавхийг бэрхжүүлэхэд зарцуулж буй зардлыг хасагдах татварт тооцох зэргээр дэмжлэг үзүүлнэ. Өөр ч бас томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын орчинг сайжруулах зүйл заалт туссан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэдэг цаад утгаараа томчуудад ч эерэгээр нөлөөлнө. Учир нь жижиг аж ахуйн нэгжүүд томоохон татвар төлөгчдийн нийлүүлэгчид байдаг. Татварын орчин сайжирснаар далд эдийн засаг ч буурах магадлалтай.

-Таны ярианд далд эдийн засаг гэсэн үг гарлаа. Өнөөдөр манайд далд эдийн засаг байна уу. Байвал хаана байна вэ?

-Далд эдийн засаг гэдэг нь татварын албаны зүгээс харвал татвар ноогдоогүй орлого юм. Жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд далд нууц эдийн засаг байгаа эсэхийг хайхаас илүүтэйгээр тэрбумаас дээш борлуулалттай, түүнийгээ тайлан балансдаа тусгадаггүй хүмүүсээс л хайх хэрэгтэй. НӨАТ-ын хууль амьдралд буруу хэрэгжүүлснээс болоод түүнийг ашиглан татвараас зугтагсад бий болоод байна.

Далд эдийн засгийг хазаарлана гэхээр хүмүүс зах дээр худалдаа наймаа хийдэг, гар дээрх худалдаа эрхэлдэг хүмүүсийг хязгаарлах нь гэж ойлгодог. Бид тэдний татварын талаарх мэдлэг мэдээллийг сайжруулахад анхаарна. Далд эдийн засаг гэдэг нь жижиг биенесийн далбаан доор нуугдаж буй комдани, хувь хүмүүст хамааралтай зүйл. Жишээ нь, 2-3 тэрбум төгрөгийн бараа оруулж ирсэн хэр нь татвараас зугтдаг, томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулчихаад түүнийгээ багасгаж тооцдог, НӨАТ-ын бичилтийг хуудуутай хийдэг зэрэг үйлдлийг хязгаарлана. Далд эдийн засгийг хамгийн сайн бууруулж чадсан улс орнуудын туршлагаас харахад тэд хяналтыг л сайжруулсан байдаг.

Хууль бус үйлдлийг давтахгүйн тулд дотоод хяналтыг чангатгана

-Татварын байцаагч нартай холбоотой хэргүүд шил шилээ даран гарч олныг гайхашруулж байна. Ч.Гансүхийн 17 тэрбумын асуудал шийдэгдээгүй байтал дахиад нэг тэрбум төгрөгийн татварын нуун дарагдуулсан гэсэн мэдээлэл нийтэд түгсэн. Эдгээр хэргийг хэрхэн яаж илрүүлсэн бэ гэдгийг мэдсээр байна л даа?
-Хэргүүдийг Авлигатай тэмцэх газар эртнээс шалгаж байсан юм шиг байна лээ. Чухам яг яаж илрүүлэв гэдгийг би мэдэхгүй. Бидэнд мэдэхгүйгээр шалгалт явуулж л байгаа шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газрын оновчтой, эрчтэй, хууль дээдэлсэн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс ойрын хэдэн жил байгаагүй санхүүгийн сахилга батыг барьж эхэлж байгааг хүн бүр анзаарч, мэдэж байгаа байх. Мэдээж эмх цэгц, сахилга бат гэдэг зарим хүмүүст таалагдахгүй байж магадгүй. Анх ТЕГ-т ирэхдээ “Манай төсвийн орлогыг бүрдүүлэгч арми” гэсэн бодол тээж, хүндэтгэлтэйгээр орж ирсэн. Гэтэл хууль зөрчсөн, жудаггүй байдал гаргаж буй хүмүүс цөөнгүй байна.

-Та Ч.Гансүх байцаагчтай хамт ажиллаж байсан уу. 17 тэрбум төгрөгийг хувьдаа хууль бусаар завшсаныг нь дотооддоо илрүүлэх боломж байгаагүй юу?
-Намайг ажилд орох үед Ч.Гансүх ажиллаж байсан. Хэрхэн яаж тэр их мөнгийг ашигласныг хууль хяналтынхан шалгаж байгаа болохоор би нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Ямартай ч энэ мэт хэрэг дахин  гаргахгүйн тулд дотоод хяналтаа чангатгаж байгаа.

-“Ю анд ЖИ гоулд” компанийн хувьд татварын байцаагчийн буруугаас тэрбум төгрөгийн хэрэг үүссэн юм биш үү?
-“Ю анд ЖИ гоулд” компанитай холбоотой татварын хэрэг бол  759 сая төгрөгийн татварын мөнгийг завшихыг завдсан хэрэг л дээ. Тухайн компани 759 сая төгрөгийн татварын өр төлбөр төлөхөөр тайлагнасныг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нуун дарагдуулсан. Асуудлыг ТЕГ-ын ёсзүйн хороо хэлэлцээд 759 сая төгрөгийг улсад буцаан оруулах ёстой гэж шийдсэн. Санамсар болгоомжгүйгээс, анзааргагүй байдлаас болж энэ их татварыг авахгүй үлдээнэ гэдэг маш том алдаа. Эл өр төлбөрийг прогграммаас зориудаар устгасан гэж бид үзэж байгаа. Тус дүүргийн мэдээллийн тасгийн дарга, ахлах байцаагч, хуулийн мэргэжилтэн нар хуульд заагаагүй үйлдэл хийсэн. Ийм үйлдэл хийх боломжийг хэлтсийн дарга нь олгосон байх жишээтэй. Гэтэл бүгд туршлагатай, мэргэшсэн хүмүүс хэр нь “Анзааргагүйгээс алджээ” гэж тайлбарлаж байгаа нь харамсалтай. Тэгж үзэх ч үндэслэлгүй. Асуудлыг шалгаж хянахаар очсон байцаагч нарыг тухайн дүүрэг дээр ажиллах явцад дүүргийн татвар хураалтын байцаагчыг тухайн компанийн зүгээс дарамталж элдвээр гүтгэсэн тохиолдол гарсан. Энэ бол нэг л жишээ. Гэвч хойшид ийм үйлдлийг давтахгүйн тулд дотоод хяналт шалгалтыг чангатгаж байгаа.

-Байгууллагын дотоод хяналтыг хэрхэн ажиллуулж байна вэ. Олны дунд дотоод хяналт тавьдаг ажилтнуудыг гадуурхах элдвээр гоочлох байдал түгээмэл байдаг?
-Татварын системд арваад жилийн дотор танил тал, нутаг нугынхнаа татан ажиллуулах байдал газар авсан байна. Тиймээс дотоод хяналт явуулаад ч үр дүн гарахгүй байх нь бий. Журам зааврыг дагадаггүй байцаагч олон болжээ. Тиймээс шинээр дүрэм журам зохиохоос илүү өмнө нь гарсан журмыг ёсчлон мөрддөг болгох  хэрэгтэй байна.

-Татвар хэр том “арми” вэ. Татварын албанд ажиллахын тулд хэр шалгуур давах ёстой вэ. Та энэ ажлыг аваад хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн бэ?
-31 харьяа нэгжтэй, тэдгээрт 1837 орон тооны ажиллагсадтай. Татварын албанд олон жил ажилласан дарга нарын зарим нь ажиллагсдадаа ёс бус шаардлага тулгадаг, тендерт орж буй компаниудын татварын өр авлагын тодорхойлолтыг худал, хуумгай гаргадаг зэрэг гомдол ирсэн. Тэр мэт алдаа гаргасан хүмүүстэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлж гэрээ хийгээгүй. Ер нь татварын системд сүүлийн арав гаруй жил дотоод хяналт алдагдсан, төрийн өмч хөрөнгөд дэндүү хайр гамгүй ханддаг зуршил тогтсон нь намайг анх ажлаа авахад л анзаарагдсан. Гэхдээ энэ олон байцаагч дотор төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс бий. Бид урагшаа явах ёстой. Ингэхдээ болохгүй, бүтэхгүйг цэвэрлэх учиртай. Татварын хяналт шалгалтын ажиллагаанд хаана, ямар шалгалт хийж, ямар акт тавьсныг тасаг, хэлтсийн дарга нарын зүгээс, ТЕГ-н зүгээс тавьдаг хяналт хангалтгүй байсан. Одоо шат, шатны дарга нар давхар хянадаг болсон. Шалгалтаар томилсон байцаагч нарын хяналтын явцыг өдөр бүр тайлагнадаг болгох нь чухал. Эс тэгвээс 1-2 байцаагчийг нэг компани руу томилоод 7-10 хоног ажиллуулахаар харилцан тохиролцох, асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэх эрсдэлтэй.

-Татварын байцаагчийн дунд мэргэжлийн бус хүмүүс мэр сэр бий гэх. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Анх татварын албанд жолоочоор ажилд орсон хүн жилийн дотор татварын байцаагч болоод түүний дараа удалгүй хяналтын байцаагч болсон тохиолдол гарсан. Тиймээс бид хяналтын бүх байцаагч нараас шалгалт авсан. Шилэгдсэн хүмүүс л ТЕГ-т ажиллана гэсэн зарчмыг нэвтрүүлж байгаа. Түүнээс хэн нэгний танил, ах дүү хамаатан садан Ерөнхий газарт ажилладаг, хичнээн чадвартай байлаа ч танилгүй бол доогуур алба хашдаг байж болохгүй.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж