Бразиль нийтийн тээвэрт 25 тэрбумыг төсөвлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Бразиль нийтийн тээвэрт 25 тэрбумыг төсөвлөв

Бразильд олон хоног үргэлжилж улс орныг хамарсан Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан намжаагүй хэвээр байна. Бразилийн зарим хотод өчигдөр багахан хэмжээний жагсаал үргэлжилсэн аж. Бразилийн Төрийн тэргүүний зүгээс жагсаал цуглааныг намжаах үүднээс ард иргэдийн санал бодолд тулгуурлан улстөрийн шинэчлэлтийн бодлого өргөн барьж, асуудал дагуулсан нийтийн тээврийн салбарыг сайжруулахын тулд 25 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Дильма Роуссеф нийтийн тээврээс гадна эрүүл мэнд, боловсролын салбарт ч анхаарал хандуулахаа мэдэгдсэн байна. Гэхдээ эсэргүүцэгчдийн зүгээс Төрийн тэргүүний бодлогыг эрх жил болох ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, аргацаасан үйлдэл гэж дүгнэжээ. Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роусеф ирэх сонгуульд улиран нэр дэвшихээр төлөвлөж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс үргэлжлүүлэн жагсахаа мэдэгджээ.

Мянга мянган бразильчууд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газар дэндүү их мөнгө зарлагадаж байгааг эсэргүүцэн олон хоног үргэлжилсэн жагсаал цуглааныг эхлүүлсэн билээ. Энэхүү жагсаал, цуглаан бразильчуудын сэтгэлд бугшсан олон асуудлыг сэдрээсэн байна. Ард иргэдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар хангалтгүй, үнэ нэмэгдсэн, авилга хээл хахууль нэмэгдсэн зэрэг асуудалд бухимдлаа илэрхийлэн Засгийн газрынхаа эсрэг боссон юм. Бразилийн Сан-Паоло хотоос эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өдгөө 100 гаруй хотыг хамарч, хоёр хүн амь үрэгдээд байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж