Хүүхдийн жүдог Монголд хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Хүүхдийн жүдог Монголд хөгжүүлнэ

Монголын жудо сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж дэлхий, олимпийн дэвжээнд өндөр амжилт үзүүлээд байгаа билээ. Монголын Жудо бөхийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж 2013 оны долдугаар сард бие даасан Их дуулгын тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Хэдийгээр Монголд жудо нь олонд танигдсан, үзэгч олонтой спортын төрөлд ордог ч Монголын жудо бөхийн холбооноос өсвөрийн жудочдын хөгжилд анхааран Олон улсын жудо бөхийн холбооны “Өсвөрийн жудочдын төлөө” хэмээх хороотой хамтран ажиллахаар тохиролцоод байна. Тус хорооны удирдлага Монгол Улсад хоёр хоногийн айлчлал хийж, төрөл бүрийн байгууллагын нөлөө бүхий эрхмүүдтэй уулзсанаас гадна асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагуудтай уулзан дээрх асуудлаар санал солилцсон юм.

“Өсвөрийн жудочдын төлөө” хороо нь ойрын жилүүдэд өсвөр үеийнхний боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэмд эзлэх байр сууриа олоход нь дэмжин ажиллах зорилготой юм. Дэлхий нийтэд тулгараад байгаа эрүүл мэнд, тэр дундаа илүүдэл жингийн асуудалтай тэмцэхэд олон нийтийн биеийн тамир, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах нь залуу хүмүүсийн дунд өмнөхөөс илүү чухал болоод байна. Тийм ч учраас Олон улсын жудо бөхийн холбоо өөрийн хариуцлагаа ухамсарлан “Хүүхдүүдэд зориулсан жудо” хэмээх хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдэд жудо бөхийг таниулах, жудогоор хичээллэснээр зөвхөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээд зогсохгүй нийгэмд эзлэх байр суурь, боловсролын төвшинг дээшлүүлэх, эрүүл амьдрахад тустай гэдгийг ойлгуулахад оршиж байгаа аж.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Хүүхдүүдэд зориулсан жудо” хөтөлбөрийн дээрх санааг бүрэн дэмжин уг хөтөлбөрийн эхний үе шатыг ОУЖБХ-той хамтран энэ оны сүүлчээр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Монгол Улсад биеийн тамираар улам их хичээллэх, хичээллэхдээ нийгэм, боловсролын асуудлыг уялдуулах нь нэн чухал байгаа юм” гэв. Мөн Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлтэй хийсэн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд Монгол Улсад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх үндэс суурь нь тавигдсаныг дурьдаад ОУЖБХ энэхүү хөтөлбөрөө Монголд хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн ОУЖБХ-ны олон жилийн дадлага туршлага, ноу-хаун дээр түшиглэн тус хөтөлбөрийг Монголд урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Дээрх хоёр хоногийн айлчлалын үеэр дасгалжуулагчдын давтан сургалт зохион байгуулагдаж 60 орчим дасгалжуулагч хамрагдлаа. “Хүүхдүүдэд зориулсан жудо” хорооны тэргүүн Зигги Табачник “Хүүхдүүдэд зориулсан жудо” хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр тус хөтөлбөрийг зөвхөн аливаа нэгэн спортыг сурталчилах хөдөлгөөн хэмээн харж болохгүйг хэлээд өсвөр насныхны цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг уриалсан хөдөлгөөн хэмээн харах хэрэгтэй гэсэн юм. Мэдээж, уг хөтөлбөрт хүүхэд залуучууд олноор хамрагдсанаар жудогийн хөгжилд ач тустай.

Дэлхийн хэмжээний жудоч болох нь хүүхэд насанд нь тэр болгон илэрч харагдахгүй (6-12 нас). Ур чадвар нь арай хойно илэрдэг спорт хэмээн ойлгож болно. Сургалтын төгсгөлд оролцогч болгонд сертификат олгосон бөгөөд ОУЖБХ-ноос энэ оны эхээр олгосон хүүхдийн жудогийн хослолыг гардуулсан юм.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж