
Рэй Захаб нь Сахарын цөлөөр 7500 км, дэлхийн хамгийн хуурай Чилийн Атакама цөлөөр хөндлөн 1200 км замыг гүйж туулсан нэгэн. Харин Сахарын цөлийг хамт гүйж туулсан Тайваний гүйгч Кевин Линтай Монголын говийг өдөрт дунджаар 70 км туулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Рэй Захаб “Монгол бол хамгийн сийрэг хүн амтай улс. Бид өдөрт 70-80 км гүйж, нутгийн нүүдэлчин ард түмний аж амьдралтай танилцаж, говь нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль болон хүнд бэрх бүхнийг өөрийн биеэр үзэж, сурч мэдснээ бусадтай хуваалцана. Үүний хажуугаар энэ сайхан нутгийг гүйж туулахдаа бид бие махбодын тэсвэр тэвчээрийн хязгаарыг ч бас олж мэдэх болно” хэмээн ярьжээ.
Тэрбээр 15 ширхэг гүйлтийн гутал, аяллын майхан, замд үзэж харсан бүхнээ цаг алдалгүй бусадтай хуваалцаж байхын тулд хиймэл дагуулын антенийг авч явах аж.
Эх сурвалж: "НИЙГМИЙН ТОЛЬ" сонин