
Реалити од Ким Кардашиан хэдхэн хоногийн өмнө амаржиж, бяцхан охинтой болсон билээ. Тэгвэл Ким Кардашиан удахгүй хурим хийх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр рэппэр Канье Уэст Ким Кардашианыг амаржсаны маргааш нь хар алмаазтай гоёмсог бөгжөөр гэрлэх санал тавьсан байна. Хосууд хуримаа ирэх есдүгээр сард хайрын хот Парист хэмээн товложээ. Ийнхүү Ким Кардашиан гурав дахь удаагаа хурим хийхээр болсон байна. Тэрээр үүнээс өмнөх Крис Хамфристай хийсэн гэрлэлтээ төрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө албан ёсоор дуусгавар болгосон билээ. Ким Кардашиан Крис Хамфристай гэрлээд ердөө 72 хоногийн дараа 2011 оны аравдугаар сард хоёр тийшээ болсон аж. Тэрээр анх 2000 онд хөгжмийн продюсер Дэмон Томастай гэрлэж байсан ба хосууд хамтдаа дөрвөн жил амьдарсан байна.
Ким Кардашиан өнгөрсөн 15-ны өдөр “Cedars-Sinai” эрүүл мэндийн төвд амаржсан хэдий ч дөнгөж өнгөрсөн пүрэв гаригт эмнэлэгээс гарчээ. Тэрээр тус төвд хэвтэн эмчлүүлж байхдаа хоног тутамд 100 мянган ам.доллар төлж байсан гэнэ. Ким, Канье нар бяцхан охиндоо North West гэдэг нэр өгсөн бөгөөд “Nori”/Нори/ хэмээн өхөөрдөн дууддаг байна.
Б.АНХТУЯА