&#34Нугаршгүй&#34 Тимоти (Тим Данкан)

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

&#34Нугаршгүй&#34 Тимоти (Тим Данкан)

Энэ "том залуу"-ийн амьдралыг олон зүйл "хатуужуулсан" гэдэг. Хүүхэд болон залуу насанд ирсэн саад бэрхшээлийг нь энд дурьдаад яахав. Тэр талаар надаас илүү өвгөн Попович онц сонирхолтой түүх сөхөж ярих байх. Харин түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн "асуудал"-н талаар хамтдаа хүүрнэе.

Тимми 2001 онд Эми хэмээх бүсгүйтэй гэрлэж хүү, охинтой болж, далайн чанадын лиг дэх хамгийн үлгэр дуурайлал болох гэр бүлийг босгож байлаа. Бүх зүйл эхэндээ сайхан байлаа. Тэдний тухай үргэлж л хэвлэлээр бичнэ. Гэхдээ дандаа гоёоор шүү. Харин бүх зүйл "хөшигний цаана" байлаа.

Учир нь Эми бусдын бодсон шиг тийм ч "сайн бүсгүй" биш байсан юм. Тимоти шаргал үс, цагаан арьстай бүсгүйг анх хараад л дурласан гэдэг. Мөн даруухан байгаа байдал ч хүүхэнд таалагдана биз дээ. Тэд тийм удаан үерхээгүй ээ. Нэг л мэдэхэд хуримаа хийхээр болсон аж.

Анхандаа Данканы 2 эгч шинэ бэрдээ тийм сайн байгаагүй. Эмиг Тимд чин сэтгэлээсээ хайртай биш. Эдийн сонирхолтой байх. Бас өөр хүнтэй ч байх гэж дотно харьцдаггүй байсан. Гэхдээ он цагийн эрхээр Тиммигийн усан сэлэгч эгч нар Эмид их сайн болсон. Магад энэ бүхэн 2005 онд том охин Сидней төрсөнтэй ч холбоотой байж болох юм. Улмаар 2007 онд аварга болдог жил отгон хүү нь мэндэлсэн.

Гэхдээ тэдний сайхан амьдрал 2011 оноос хойш нэг л биш болсон. Хэдийгээр бүх зүйл хэвийн мэт харагддаг байсан ч зүгээр биш гэдгийг багийн дасгалжуулагч Г. Попович болон хамтран зүтгэгчид болох Паркер, Жинобили нар "мэдрэх" болжээ. Тэрээр хувийнх нь амьдрал нэг л биш байгааг хамгийн түрүүнд дотно найз Паркерт хэлсэн. Учир нь Тони тэр үед гэсэн жүжигчин Э. Лонгория /"Яахаас буцахгүй эцэгтэй нар" ТВ-ийн сериал/-гаас салаад удаагүй байсан юм.

Гэхдээ Данкан хүлээцтэй байж, Эмиг буруу шийдвэр гаргахгүй болов уу хэмээн бодож байсан болов уу. Өдөр, хоногууд өнгөрсөөр 2012 оны сүүл буюу Зул сарын баяраар Эми анх Тиммигээс салах бодолтой байгаа илэрхийлжээ. Шалтгаан нь хэд хэдэн зүйл байсан гэв. Тухайлбал Тиммиг ар гэр, үр хүүхэддээ анхаарал тавьдаггүй, Эмид өөрт нь цаг гаргадаггүй болон бас бус зүйлийн талаар ч гомдлов. Тимийг өөр "хүүхэнтэй" ч гэж ярьсан гэсэн.

Яг тэр үед Сан-Антониогийн зарим тоглогч бэртэлтэй буюу плей-оффт шалгарахад туйлын бэрх болж ирсэн. Энэ үед Тим Данкан л багаа чирч явсаар өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн. Харин тэр хугацаанд хатагтай Данкан түүнээс салах талаар идэвхитэй хөдөлж, төлвөлгөө гарган, хуулийн зөвлөхийн тусламжтайгаар өнгөрсөн 5 сарын эхээр шүүхэд өргөдлөө өгч амжсан. Шүүх түүний хүсэлтийг ёсоор болгож, тэдний гэрлэлтийг цуцалжээ.

Хэвлэлүүд тэдний салалтын шалтгаан, Тимми Эмид хэдийг төлөв, хүүхдүүд нь хэн дээр үлдэв, тэд шинэ гэр бүл зохиох уу, салалт багийн амжилтад нөлөөлөх үү, тэд финалын төлөө шалгарах уу гээд "түмэн жор"-ын зүйл бичиж, Данканыг хаа байгаа газарт амар байлгах аа "больсон" юмдаг.

Гэвч Тимоти энэ бүхэнд эр хүний шийр зааж, одоо хэр салатынхаа талаар ам нээгээгүй билээ. Яг л загас шиг. Нээх ч шаардлага байгаагүй. Яах юм. Тэр хэнд, юунд хэрэгтэй гэж. Тэр бидний дунд үлгэр жишээ болсон тамирчнаараа л үлдэх болно. Тим Данкан шиг үлгэр жишээ сагсан бөмбөгч спортын түүхэнд тийм олон байгаагүй. Байх ч үгүй болов уу.

ЗӨВ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ ЯМАГТ "ДАРУУХАН" БАЙДАГ…

Х. Уламбаяр (Ulmaa Khishigee)
Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж