
Өмнө нь АТГ С.Баярцогт гишүүний Швейцарийн банкин дахь нууц дансанд шалгалт хийж, эрхэм гишүүний хувьд уг дансыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй зөрчил гаргасан буруутай хэдий ч энэ нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх үндэс болохгүй хэмээн үзсэн юм. Харин С.Баярцогт гишүүн үүнийхээ төлөө хариуцлага хүлээн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж, УИХ түүнийг нь хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. С.Баярцогт гишүүний хувьд Швейцарийн банкин дах нь нууц данс болон татваргүй бүсэд байгуулсан “Legend Plus Capital Limited” компанийнхаа тухай “Хөрөнгийн зах зээл дээрээс ашиг олох зорилгоор гурван найзынхаа хамт байгуулсан. Эхний хөрөнгө оруулалт болгож дөрвүүлээ сая ам.доллар байршуулсан боловч эдийн засгийн хямралаар мөнгөө татаж авсан. Хэдийгээр компанийнхаа нэрийг ХОМ-тээ тусгаагүй боловч дансан дахь мөнгөө орлого тал дээр нь байнга мэдүүлж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Гэсэн хэдий ч С.Баярцогт гишүүний Швейцарийн дансанд байршуулсан сая ам.доллар ямар эх үүсвэрээс гарсан бэ гэдгийг нийтэд мэдээлэхийг олон нийтийн зүгээс шаардсаар ирсэн билээ. Ялангуяа сүүлийн үед АТГ болон УМБГ-аас шалгаж илрүүлсэн авлигын хэргийн ард дандаа МАН буюу МАХН-ын угшилтай хүмүүс баригдаж байгаа нь хуулийн байгууллагууд улс төрийн нөлөөлөлд ажиллаж байна гэх хардлагыг төрүүлээд байсан билээ. Энэ мэт шалтаг, шалтгаануудаас болсон уу, ямартай ч АТГ-аас С.Баярцогт гишүүний Швейцарийн банкин дахь нууц данс, уг дансаар орж гарсан мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй хэмээн үзсэн аж. Тиймээс түүнийг өнгөрөгч парламентын үед Эрүүгийн хуульд шинээр оруулсан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Уг хуулийн ”автор” нь одоогийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Өнгөрөгч парламентын үед тэрээр Сонирхлын зөрчлийн хуулийг батлуулахдаа Эрүүгийн болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, дээрх зүйл ангийг Эрүүгийн хуульд шинээр суулгасан юм. Гэвч энэ хуулийн эхний “золиос” нь нэг намынх нь нөхөр болно гэж зүүдлээ ч үгүй биз.
Гэхдээ УИХ-ын гишүүн С.Баярцогтыг АТГ-аас дахин шалгах болсонд Хууль зүйн сайд гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн шахалт орсон байх гэсэн хардлага явж байна. Учир нь, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог /Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад буюу 2006 оны арванхоёрдугаар сард хуулийг нь баталсан/ хуультай. Харин одоогийн Ерөнхийлөгчийг сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэнээс хойш авлигын хэрэгтэй алагчлалгүй тэмцэх ёстой гэсэн шахалт шаардлага сөрөг хүчний зүгээс ч, олон нийтийн зүгээс ч нэлээд ширүүссэн билээ.
Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч намынхныгаа хаацайлж байна гэдэг эргэлзээ, шүүмжлэлээс гарахын тулд АТГ-ынхныг энэ хэрэг дээр дахин ажиллахыг шахсан байх магадлалтай юм. Нэг талаас нэг үйл хэргийн төлөө явсан намынхаа нөхрийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулах болсон нь Ардчилсан намынхны хувьд жаахан худрагагүй мэт харагдуулж болох ч нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг нийт ард түмнээ төлөөлдөг, намын харьяалалгүй иргэн учир “манай, танай” гэж ялгаварлах эрхгүй, авлигатай тэмцэхэд алагчлал байхгүй гэдгийг намынхандаа ч бас давхар сануулж буй хэрэг.
Хоёрдож, С.Баярцогт гишүүний хувьд гадаадад байршуулсан сая ам.долларынхаа тухай "Энэ мөнгө ямар нэг хууль бус зүйлтэй холбоогүй, найз нөхөдтэйгээ хамтарч оруулсан мөнгө“ гэдгээ өмнө нь нэгэнт мэдүүлсэн учраас энэ удаагийн шалгалтаар үүнийгээ нотолж чадах юм бол асуудалгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн түүнд энэ зэргийн ёс суртахуун бий гэж итгэсэн учраас АТГ-ынхнаас түүний дансыг шалгуулахаар шаардсан байж болох юм. Ерөнхий прокурорын хувьд энэ удаа АТГ-т зөвхөн С.Баярцогт гишүүний энэ үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг зөвшөөрлийг л өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний нууц дансанд байршуулсан мөнгөнд ямар нэг гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн ул мөр байна уу гэдгийг шалгахыг зөвшөөрсөн хэрэг. Тийм зүйл илрэхгүй бол С.Баярцогт гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах явдал гарахгүй. Харин хэрэг бишдэж, олны ярьдагчлан Оюутолгойн гэрээ ч юм уу түүний эрхэлж байсан ажилтай холбоотой авлигын ул мөр илэрбэл дараагийн удаа прокурорын байгууллага түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярих болно. Хэрхэхийг цаг хугацаа л харуулж дээ. Авлигатай тэмцэхэд алагчлал байх ёсгүй нь л үнэн.