Үнийн хөөрөгдлийг хазаарлаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Үнийн хөөрөгдлийг хазаарлаж чадах уу?

Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарыг дэмжих, иргэдийг орон байртай болгох зорилгоор арилжааны банкуудтай хамтран урт хугацааны, жилийн найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос олгож эхэлсэн. Цалинтай бол байртай болох боломжийг нээж өгч буй энэ зээлийг иргэд сайшаан хүлээж авсан ч хуучин, шинэ ялгалгүй орон сууцны үнэ зохиомлоор огцом өсөх вий гэх болгоомжлол иргэдийн дунд багагүй байгаа юм. “Засгийн газартай 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, бага хүүтэй зээл авсан барилгын компаниуд орон сууцныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмбэл гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхааруулаад байгаа. Гэсэн хэдий ч “Орон сууцны метр квадратын үнэ 100-350 мянган төгрөгөөр нэмэгдсэн, бэлтэй нэгэн нь олон байр авч дамлаж байна” гэхчилэн гомдол, дуудлага Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/, Барилга, хот байгуулалтын яаманд багагүй иржээ. Иймээс жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэнээс хойш орон сууцны үнэ өссөн, компаниуд хэрхэн байрны үнээ хөөрөгдсөн эсэхийг холбогдох байгууллагуудаас шалгажээ.

Метр квадратын үнэ 100-300 мянгаар өсчээ

Барилга, хот байгуулалтын яамнаас хөтөлбөрт хамрагдсан хамрагдаагүй гэх бүх барилгын компаниудын орон сууцны метр квадратын үнэ өссөн эсэхийг судалж, шалгаж үзжээ. Энэ шалгалтаар 19 компани орон сууцныхаа метр квадратын үнийг 100-300 мянган төгрөгийн хэлбэлзэлтэйгээр ам метр талбайн үнээ өсгөж, 11 компани багахан хэмжээгээр орон сууцныхаа үнийг буулгасан байна.

“Дээрхи судалгаанаас харахад орон сууцны үнэ огцом өссөн гэж дүгнэх боломжгүй. Ер нь Засгийн газраас нийлүүлэлт хангалттай байна гэж үзсэн учраас зээлийн журам батлагдсан байгаа. Мөн энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар 600 мянган тонн цемент, шаардлагатай арматурын 60 хувь нь орж ирсэн бөгөөд эдгээр барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлт, үнийн хувьд тогтвортой байна. Тодруулбал, тонн цемент 130-140 мянга, арматур 1.140.000 төгрөгийн ханштай байна. Одоогийн байдлаар энэ онд баригдах компаниудад зориулж 230 тэрбум төгрөгийг гаргасан байгаа” гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдэгдсэн юм.

Үнэ хөөрөгдөгсдийг хазаарлаж чадах уу?

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт байрны үнэ огцом өсч байна гэх гомдол энэ долоо хоногт иргэдээс цөөнгүй ирсэн тул гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт, шалгалт хийжээ. Иргэдийн мэдээллийн дагуу нийт 56 компани орон сууцны үнийг зохиомлоор нэмсэн эсэхийг судлаж үзсэн байна. Шалгалтаар долоон компани байрны метр квадратын үнийг 100-150 мянган төгрөгөөр нэмсэн гэдэг нь нотлогджээ. “Хэрэв барилгын компаниуд шалтгаангүйгээр үнээ нэмэх юм бол хөтөлбөрт хамрагдаагүй байсан ч дараа дараагийн ямар ч ажлууд дээр Засгийн газар хамтарч ажиллахгүй. Хөтөлбөр батлагдсан дүрэм, журмынхаа дагуу явна гэж ойлгож болно. Хуучин байрны үнэ өндөр байна, ченжүүд олноор худалдан авч ашиг олж эхэллээ гэсэн мэдээллүүд байгаа. Ченжүүд орон сууцны үнийг дамлаж, ашиг олно гэдэг бол боломжгүй асуудал. Мөн энэ онд 34 мянган  айлын орон сууц баригдаж байна. Энэ нь өмнөх жилүүдэд баригдаж байсан барилгуудаас гурав дахин их гэсэн үг шүү дээ. Иймээс байрны үнэ хөөрөгдөнө гэвэл бүтэхгүй, боломжгүй  гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай анхааруулсан юм.

Засгийн газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан барилгын компаниудын хувьд зөвхөн зээл бага хүүтэй аваад зогсоогүй дэд бүтэц татахад нь төрөөс дэмжлэг үзүүлж байгаа тул боломжоо алдахгүйн тулд орон сууцны үнийг хөөрөгдөж, хөөсрүүлэхгүй болов уу. Харин хуучин байр, Засгийн газартай гэрээ хийгээгүй барилгууд, орон сууцны ченжүүдийн барилгын үнийг зохимлоор хөөрөгдөх эрсдлийг хазаарлах боломжгүй бололтой.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж