Нар буцах нь наадам ирж буйн шинж

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Нар буцах нь наадам ирж буйн шинж

Өнөөдөр зуны дунд шар морин сарын шинийн 14-ний өдөр буюу энэ өдөр зуны туйл /нар буцах/ буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна.

Өнөөдөр наран авхай буцна. Намайг үдэж өгөөрэй гэсэн. Хавар дахиад уулзана гээд хачин ихээр санаа алдсан. Үрчлээ нэмсэн дэлхийн үйлийн үр гээд уйлсан. Аргадаж би чадаагүй, асгарах нулимс нь бороо юм байлгүй гэж бодсон. Хоргодоод байгаа сэтгэлийг нь мэдсэн. Дараа хавар ирнэ гээд даруухан мишээсэн. Хойтон жил хол байна даа гэж ирээд хоолой нь зангирсан. Чи надад дэндүү дасч шүү гэсэн шиг тэр намжирдаад, харцаа буруулсан. Хайраа бас олноос нуусан. Үүдээр гарахад нь гэгээ тасарчих шиг л болсон. Хожим, хэзээ гэх үгс хаалга мөргөөд хоцорсон. Зуны гурван сараа зургаа юм шиг эндүүрч явжээ, би.

Өнөөдөр наран авхай буцна. Хамгийн өндөрт мандаж, жаргахаа мартан манхайна. Үдэш болтол гэгээ татна. Өрх тэгширтэл орой дээр үүрийн цолмон адил саатна.  Буцах л гэж буй нарны уй гуниг анхил цагаан бороотой сүжрээд одно. Зун болсонгүй дээ гэж муу амлах даан ч эрт байна. Дэмий бодлыг минь бурхан мэдвэл гомдоно. Голдоо ортол шархалж хэцүүднэ. Дотуур автана, долоон бурхан шиг шөнөөр гийж мэднэ. Цэцэг сөгнөсөн хээр тал, ус, өвс нь тэгширсэн өртөө холын нутаг нарны даллагатай үлдлээ. Намрын сар хүртэл тэд алзахгүй. Хэлтэрхий цацраг бүхнийг чи түгээх аваас надад илч гэрлээ шингээн ууссан мэт болно.

Өнөөдөр наран авхай буцна. Сүүдэр сарниж, сүүн гэрэл мөддөө тасрахгүй. Хамгийн урт өдөр гэж гараг эрхэс хэлнэ. Эмээ минь нар буцлаа гэж цайны дээжээ өндөрт өргөнө. Цацал дүүрэн цайны дээжээ нарны аяганд тогтоосон мэт билэгшээнэ. Дэвэрсэн цайны тулга дагаад үдийн нар унана. Унасан нар уруудахаа огоорч, тотго түшнэ. Оройтлоо гэж сэтгэх гэтэл үдийн наран тодосхийнэ. Бэлчээртээ буй унаган хүлэг минь барааны газраас үүрсэх адил содон. Чулуу дэлгээд нааддаг байсан бүжин нүдтэй хот айлын түүнийг санах шиг гэгэлгэн.

Өнөөдөр наран авхай буцна. Нараа угааж найм хоног манай нутагт бороо орно. Олон хоногийн бороонд найрлаж суумаар санагдана. Зунтай жилийн бороонд зутарсан хэмээн дуулаагүй. Дуулаагүй болохоор зуу насална гэж буурлууд хоймор дүүргэнэ. Нараа угаасан бороонд балчир үрс наадна. Наадаж байгаа дүү нар минь нарны хишигтэй үрсээ. Сүү шиг цагаан гэрийн гурван бүс чивхэрнэ. Чивхэрсэн бүснээс чимх чимх усан дусал ойчно. Бүтэн өдрийн бороонд орчлон бас ариусна. Алаг солонго авдар дээр мэт ойртож ирээд тасарна. Тасарсан солонго тэртээ уулын энүүхэнд татаад эхэлнэ.

Өнөөдөр наран авхай буцна. Шаргын шарга өнгөөр уулсаа чимээд алсарна. Тогтож нэг харвал Шарга азаргын зүс шиг. Зэрвэс тэгсгээд ажвал зэс адил тэнгэрийн хаяаг эмжинэ. Нар буцах нь наадам ирж буйн шинж ээ.

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж