
“ЛА Лейкерс” багийн тоглогч Ламар Одом NBA-ын хамгийн шилдэг сэлгээний тоглогчид олгодог Шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртлээ. “Лейкерс” багаас энэхүү шагналыг хүртсэн анхны тоглогч тэрбээр улирлын 82 тоглолтод бүгдэд нь оролцохдоо 47 удаад нь сэлгээнээс гарч тоглосон байна. АНУ болон Канадын спортын сэтгүүлч, нэвтрүүлэгчдийн саналаар шагналын эзнийг тодруулдаг бөгөөд энэ удаад 117 хүн санал хураалтад оролцсоноос Одом нэгдүгээр байрын төлөөх 96 санал авч, боломжит 585 онооноос 513-ыг авчээ. Харин “Даллас Маверикс”-ын Жейсон Терри хоёр дахь жилдээ дараалан хоёрдугаар байрт бичигдлээ. Тэрбээр санал хураалтаар 244 оноо авсан байна. Харин гуравт 76 оноогоор “Филадельфия-76” багийн Таддьюс Янг шалгарлаа. Энэ удаагийн Шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг “байлж”, “Kia Motors” компаниас цоо шинэ Kia Sorento CUV-г “Лейкерс”-ийн Залуучуудын санд хандивлахаар болж байна.
Шилдэг зургаа дахь тоглогчийн гол шалгуур нь тухайн тоглогчийн сэлгээнээс гарч тоглосон тоглолт нь гарааны бүрэлдэхүүнд багтсан тоглолтоос олон байх учиртай. Одомын хувьд сэлгээнээс оролцсон тоглолтдоо 13 оноо, 7,5 самбараас бөмбөг авалтыг 28,4 минутад дунджилжээ. Мөн тэрбээр 12 удаа дабл-дабл хийсэн байна. Харин нийт оролцон тоглосон нийт тоглолтыг дунджилбал 32,2 минутад 14,4 оноо, 8,7 самбараас бөмбөг авалт, 3,0 ассист өгчээ. Түүнчлэн улирлын туршид тэрбээр 28 удаа дабл-дабл хийснээс гадна 63 тоглолтод 10-аас дээш, 14 тоглолтод 20-иос дээш оноо авсан үзүүлэлттэй.
С.Цэлмэг