Нам, хот хоёрын хэн нь эрэмбэтэй вэ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Нам, хот хоёрын хэн нь эрэмбэтэй вэ

Үе үеийн хотын удирдла­гуудад улирал бүр хийдэг нэг л ажил байдаг. Ер нь хо­тыг удирдана гэдэг үнэндээ  амархан ажил юм биш үү. Хийх ажил нь тодорхой сай­хан. Хавар болохоор өвөл­дөө хуримтлагдсан хур хо­гийг цэвэрлэх ажил зохион байгуулна. Зун болохоор зам засварын тендер нь шалгараад энд тэндхийн зам засварын ажлын явцыг очиж харна. Намар болохоор өвөлжилтийн бэлтгэл ажил гээд ганц нэг уурын зуухыг үзнэ. Өвөл бо­лохоор утааг бууруулна гээд хэдэн зуух талбай дээр тавиад жаахан тойроод алхчихна. Нэг иймэрхүү л ажлыг хийгээд байгаа юм даа. Хотын иргэд бид ч гэж дээ маанагдуу улс даа. “За энэ дарга  л ёстой ажил хийх нь дээ” гээд баярлачихна. Гэтэл итгэл даасан хүн нь ажил хийхгүй баахан шоудаж байгаад дэвших юм уу эсвэл буураад, бүр арчигдаад алга болно. Ингээд дараагийн дарга гарч ирээд их сайхан зүйл ярьсаар сураг тасарна. Үнэтэй машин унаж, олон хүн захирч, “босс” гэж өөртөө итгэсэн хотын дарга нарт итгэх аргагүй юм шиг ээ. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийг хур хогноос салгах аян эхлэв. Энэ аянд зориулж хотын удирдлагууд 140 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна лээ. Тэгээд болоогүй, 15 мянга гаруй хүнийг хамруулах гэж оролджээ. Хог тариагүй хү­мүүс түүнийг цэвэрлэнэ гэ­хээр нэг л шударга бус са­наг­даад байгаа юм. Гэвч яая гэх вэ, дарга нар лүндэн буул­гаж байхад цэрэг дагахгүй байх аргагүй юм чинь. Уг нь хог­ны асуудлыг “цэвэрхэн” шийдчих боломжтой. Хэсгийн ах­лагч гээд баахан хүмүүс ца­лин  аваад явж байдаг шүү дээ. Тэд чинь аль айл хаана хогоо асгадгийг сайн мэ­дэж байгаа. Хог асгасан мэ­дээллүүдийг цуглуулан цэ­­вэр­лүүлээд байж болмоор са­­нагдана. Харамсалтай нь хотын удирдлагууд хэсгийн ахлагч нарыг тоох юм биш дээ. Хороо хориноо гэсэн “хуучинсаг” сэтгэлтэй хэдэн хөгшин л хэсгийн ахлагч гэ­дэг хүндхэн ажлыг хийдэг шүү дээ. Хотын удирдлага үнд­сэн ажлаа хийх бус, намын ажилд хошуу дүрээд байхаар улсын төсвөөс зуу зуун сая төг­рөгийг хог цэвэрлэхэд зо­риулж байгаа юм. Нам гэж хотын нэг сая иргэнээс ч илүү дарга нарыг бөндөгнүүлдэг газар байна аа.

Б.Энхмөнх


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж