Ойрхи Дорнодод хүйтэн дайн дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод хүйтэн дайн дэгджээ

-ЭНЭ ҮЕД АНУ, ОРОС ТЭРГҮҮТЭЙ ГҮРНҮҮД АШИГ
СОНИРХЛОО ШУРГУУЛБАЛ ЮУ БОЛОХ БОЛ-

Арабын ертөнцөд сүүлийн гурван сарын турш эсэргүүцлийн жагсаал, цуглаан тасарсангүй. Магадгүй энэ бүхэн хожим Арабын хавар гэх нэрээр тэмдэглэгдэн үлдэх биз. Яг л 1968 оны Прагын хавар шиг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Чехословак улсын нийслэл Прага хотод эрх баригч Коммунист намынхаа бодлогыг шүүмжилж, эсэргүүцсэн оюутан төв талбайд өөрийгөө шатаан араасаа асар олон хүнийг тэмцэлд уриалан дуудсан юм. Чехословакт 40 жилийн өмнө болж байсан тэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Америк, Орос хоёр их гүрний хооронд дэгдсэн хүйтэн дайны эхлэл байж. Харин Ойрхи Дорнодод болж буй жагсаал, цуглаан геополитикийн том тоглогчид болох Иран, Саудын Араб хоёрын харилцаа хурцдаж байгаагийн илрэл байж болох талтай. Үүнийг нотлох мэт “Шинэ хүйтэн дайн эхэллээ” хэмээн “Вашингтон Пост” сонины тэргүүн нүүрэнд гарсан нийтлэлд онцолжээ. Харин тэрхүү шинэ дайн нь Ойрхи Дорнодод өрнөж байна.

Ойрхи Дорнодын хүйтэн дайны гол хоёр тоглогч харилцан бие, биенийхээ эсрэг хөдөлж, хуурамч мэдээлэл цацан, сөрөх тагнуулын хүмүүсээ турхирч байгаагаар анх эхэлсэн. Саудын Арабын албаны нэгэн төлөөлөгч “Хүйтэн дайн дэгдсэн нь үнэхээр бодит зүйл. Иран улс хүч, нөлөөгөө нэмэхийг зорьж, оролдож эхэлсэн. Сүүлийн хэдэн сарын турш нөхцөл байдал тогтворгүй болсон нь үүнийг нотолж байна. Бид зүгээр нэг хараад сууж болохгүй” хэмээн ам алдсан байх юм. Энэ талаар барууны хэвлэлүүдэд нэг бус удаа бичжээ.

Бахрэйнд өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Саудын Арабын зэвсэгт хүчин орж ирсэн. Тэдний хувьд Саудын Арабын өнө эртний түнш болох Бахрайны эрх баригчдыг хамгаалж, дэмжлэг үзүүлэхийг зорьжээ. Энэ үед Иран ч зүгээр суусангүй. Ираны парламентын гишүүн Рухоллах Хоссейниан Исламын шашинтнуудын хувьсгалыг бу­руушааж, “Саудын Арабын зэвсэгт хүчин Бахрэйнд байхад бид гар хумхиад суух нь утгагүй хэрэг” хэмээн “Press” телевизээр мэдээлсэн байна. Чухам яг эндээс л Иран, Саудын Араб хоёрын тэмцэл ил болж эхэлжээ. Шинжээчдийн таамаглаж байгаачлан Ойрхи Дорнодод болсон зарим хувьсгал үнэхээр ардчиллын төлөөх тэмцэл байж болно. Магадгүй заримд нь АНУ гар бие оролцсон байхыг үгүйсгэхгүй. Үүнээс болж газрын тосны үнэ гурван оронтой тооноос хол давж байгаа. Гэхдээ хамгийн сүүлд Бахрэйн, Йеменд болж буй эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн нь Иран, Саудын Араб хоёрын тэмцлийн нэг илрэл гэж дүгнэж болохоор байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг хувийг Саудын Араб, Иранаас олон улсын зах зээл рүү тээвэрлэдэг Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байгаа. Үүнээс болж АНУ-ын эрх баригчид энэ жил дуусгахаар товлож байсан Ирак дахь цэргийн ажиллагаагаа эцэслэх эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Хэрэв Саудын Араб, Ираны тэмцэл хурцдаж, нийлүүлэлт тасарчихвал ядаж Иракийг нөөцөндөө үлдээх хэрэгтэй бус уу.

Ираны хувьд АНУ-ын санааг зовоодог нэг зүйл бол цөмийн хөтөлбөр. Хэдийгээр энхийн зорилгоор хэрэгжүүлж байгаа гэх боловч АНУ, Саудын Арабын хувьд үүнд нь итгэдэггүй. Гэхдээ албан ёсоор нотолж чадаагүй. Саяхан Саудын Арабын Аюулгүйн албаны дарга асан Турки аль Файсаль нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй нь нотлогдсон бол Саудын Араб ч гэсэн өөрийн гэсэн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх байсан” гэжээ. Саудын Арабын хувьд одоогийн байдлаар АНУ-д найдаж, нөмөр нөөлөгт нь багтана гэж найдаж байгаа.
Саудын Араб, Иран хоёр хэзээнээсээ л дайсагнасаар ирсэн. Саудын Араб бол эртний Арабын суннитуудын улс. Харин Иран нь Персийн булангийн үндэстэн шийтүүдийн эх орон. Манай эрины 600-аад оны үеэс анх суннит, шийт хэмээн хоёр үндэстэн хоорондоо зөрчилдөн тэмцэлдэж эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Тэр ч яах вэ. Эртний түүх байдаг юм байж. Харин одоо юу болж байна вэ. Ираны хувьд Сири, Ливан дахь цэргийн хүчин “Хезболлах”, Палестины “Хамас” бүлэглэлийг мэдэлдээ авсан. Харин Саудын Араб нь Египет, Морокко болон Палестинд хэд хэдэн томоохон бүлэглэлтэй. Саудын Араб барууны үзэл хандлагыг дэмжиж, Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг. Харин Иран нь барууны орнууд болон Израйлийн эсрэг бодлого баримтлахын зэрэгцээ бүс нутгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго тавьсан юм. Өмнө нь 1970-аад онд Ливанд болсон иргэний дайн Иран, Саудын Арабын тэмцэл хариугүй задрах шахсаны нэг илрэл болж байв. Тухайн үед Ираны эрх баригчид шийт үндэстнүүд багтдаг “Хезболлах”-ыг, харин Саудын Араб нь суннитын цэргийн хүчнийг дэмжиж байжээ. Иранд 1979 онд болсон хувьсгал бас нэг жишээ. Хожим нь Мороккод мөн л Ойрхи Дорнодын хоёр гүрний тэмцэл өрнөж байв. Энэ талаар Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газраас өгч байсан мэдээллийг “Wikileaks” сайт өнгөрсөн жил олон нийтэд дэлгэн тавьсан билээ.
Арабын хаврын тухайд анх Тунист энгийн иргэн нь төв талбайд гарч өөрийгөө шатааснаар хүмүүсийн анхаарлыг татаж, жагсаал цуглааны эхлэлийг тавьсан. Тэд бүгд Тунисын Ерөнхийлөгч Бен Алийн эсрэг тэмцэж байв. Хамгийн хачирхалтай нь энэ бүхний эцэст Бен Али ялагдсан билээ. Тунисын хувьсгалтай холбоотой бичлэгүүд “Youtube.com” сайтад тавигдсны дараа Египетийн гудамжинд хэдэн сая хүн жагсч, Хосни Мубаракийн үдэлтийн маршийг хийв. АНУ-ын Засгийн газар тэрхүү маршийнх нь бүрээг үлээж өгчээ. Энэ үед нийслэл Рияд хотдоо Саудын Арабын эрх баригчид цуглаж, Б.Обамагийн засаг захиргаа хэрхэн “урван тэрсэлсэн” талаар шүүн хэлэлцсэн юм. Х.Мубарак бол Саудын Арабын өнө эртний түнш болохоор арга ч үгүй биз. Х.Мубаракийн хувьд нэгэн цагт Рияд хотод суннит, шийт үндэстнүүдийн амьдардаг хорооллыг тусгаарласан ханыг босгохыг дэмжиж байж. Ираны Засгийн газрын зүгээс хүчтэй эсэр­гүүцэж байсан болов ч Х.Мубарак суннитуудыг бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг үндэстэн гэдгийг дахин нотолж байв. Тэгэхээр Египетэд төрийн эргэлт гарсан явдал нь Ираны эрх баригчдыг баярлуулсан гэхэд буруудахгүй. Харин Йеменд юу болов. Саудын Арабын өмнөд хөрш болох энэхүү жижиг оронд мөн л 43 жилийн турш Төрийн тэргүүний сэнтийд заларсан Ерөнхийлөгчийнхөө эсрэг олон арван мянган хүн жагссан. Үүнтэй зэрэгцээд хойд хөрш Бахрэйн байдал бишдэж эхлэв. Бахрэйний жагсагчдын дийлэнх нь шийтүүд. Энэ нь бас нэгийг өгүүлж байна. Хэдийгээр хөндлөнгийн ажиглагчдын дүгнэснээр Бахрэйны үймээн самуун цэвэр дотоод асуудал, тэр дундаа орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой гэх боловч Саудын Арабын тал тэгж үзсэнгүй. Учир нь жагсагчдын дунд Ливаны “Хезболлах” бүлэглэлийн тэргүүн Хассан Насраллах оржээ. Яагаа вэ, Ираны Засгийн газрын дэмждэг зэвсэгт бүлэглэл. Харин Бахрэйний төрийн эрхийг барьж буй Аль Халифийн гэр бүл суннитын урсгалын элит төлөөлөл юм.

Өөр нэгэн сонирхолтой баримт ч бас бий. Арабын хаврын хувьсгалууд Саудын Арабын 86 настай хаан Абдуллагийн бие муудаж, Нью-Йоркт эмчилгээ хийлгэхээр явсан хойгуур эхэлсэн. Түүний өв залгамжлагч Султан бен Абдул Азиз хэтэрхий залуу. Тиймээс дотоодын нэгдсэн удирдлага нь алдагдаж магадгүй байгаа энэ үед Ираны эрх баригчид хөдөлсөн гэх таамаг ч байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс саяхан Ойрхи Дорнодод айлчлал хийсэн билээ. Тэрбээр Саудын Арабын хаантай уулзсаныхаа дараа Йемен, Бахрэйнд болсон хувьсгалд Ираны эрх баригчид гар бие оролцсоныг нотлох баримт оллоо хэмээн мэдэгдсэн нь нэлээд анхаарал татсан юм. Ямартай ч Иран, Саудын Араб иймэрхүү байдлаар тэмцэлдсээр байвал Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтвортой байдал алдагдана. Чухам яг энэ үед АНУ, Орос тэргүүтэй гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлыг шургуулж чадвал нөхцөл байдал өөр тийшээ эргэж ч болох юм. Хэн мэдэх вэ.

Т.Элиса


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж