Орон сууцны үнэ буурна гэдэг худлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ буурна гэдэг худлаа

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих 100 мянган айлын орон сууцны сургаар барилгын материалын үнэ өсч эхэлсэн. Барилгын компанийн удирдлагууд “Арматур төмрийн үнэ өнгөрсөн жилийнхээс 400-500 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 1.3-1.4 сая төгрөг болсон” хэмээн үнэ  нэмэгдсэний гол шалтгааныг тайлбарлаж байгаа. Гэхдээ барилгын материалын худалдаачид зөвхөн арматур төмрийн үнийг өсгөөд зогссонгүй. Барилгын материалын зах, дэлгүүрүүдэд худалдаалж буй лист, шилэн хөвөн, цементийн үнийг ч нэмжээ. Барилгын материалын үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс төр засгаас тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Барилгын материалын үнэ өсч эхэлсэн энэ үед орон сууцны үнэ буурах төлөвтэй байгаа аж. Үүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан онцолж байгаа. Үнэ ийнхүү буурахад орон сууцны төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийх ажлыг энэ оноос эрчимжүүлж байгаа нь голчлон нөлөөлж байгаа. Орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын салбарын санхүүжилтийг оновчтой хийх ёстой хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж буй. Хамгийн гол нь эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлого боловсруулах нь чухал байгаа ажээ.  Одоогийн байдлаар шинэ орон сууцны нэг метр.квадратын үнэ байршил болон бусад хүчин зүйлээс хамаарч  1.2-1.5 сая төгрөгийн хооронд байна. Орон сууцны үнэд барилгын материалын үнэ хамгийн ихээр нөлөөлдөг. Манай улсын хувьд одоохондоо барилгын материалын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжгүй. Энэ байдлыг далимдуулан барилгын материал эрхлэгчид үнэ, ханшийг өндөр тогтоож байгаа аж. Гэсэн ч тэд энэхүү тайлбарыг үндэслэлгүй хэмээн үздэг юм билээ.  Цаашид Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийг бууруулахад шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.

Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяртай уулзаж барилгын материал болон орон сууцны үнэ цаашид хэрхэх хандлагатай байгааг тодрууллаа.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны үнэ буурна гэсэн мэдээллийг өгч байна. Харин Монголын барилгын үндэсний ассоциацийнхан үнийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Одоогоор  орон сууцны үнэ буураагүй. Цаашдаа ч төдийлөн буурахгүй байх гэж бодож байна.

-Ирэх намар орон сууцны үнэ ямар байх бол. Бүтээн байгуулалтын ажил өрнөхтэй холбоотойгоор үнэд өөрчлөлт орно хэмээгээд байгаа шүү дээ?

– Ирэх есдүгээр сараас тодорхой хэмжээгээр нэмэгдэх болов уу. Харин 2012 оны хавраас үнэ тогтворжих төлөвтэй байна.

-Тэгвэл цаашид орон сууцны үнийг  бууруулах боломж бий юү. Ямар тохиолдолд буурах бол?
-Нэг дор олон айлын орон сууц баригдсан үед л үнэ буурна. Түүнээс биш одоогийнх шиг энд, тэнд 70-100 айлын байр барьж байгаа үед үнэ буурахгүй. Ер нь ойрын хугацаанд үнэ буурна гэдэг худлаа. Иргэдэд орон сууцнуудын үнийг харьцуулах боломж байхгүй байна гэсэн үг. Нэг газарт 2000 айлын орон сууцны хороолол барилаа гэж бодоход үнэ буурна. Ингэснээр барилгын компаниудад барьсан орон сууцаа хурдан борлуулах шаардлага тулгарна.

 -Барилгын  материалын үнэ нэмэгдэж буй нь орон сууцны үнэд нөлөөлөх үү. Манайхан сургаар үнээ нэмчихдэг шүү дээ?

-Одоо борлуулж буй эхнээсээ ашиглалтад ороод эхэлчихсэн орон сууцуудыг 2-3 жилийн өмнө барьсан. Тиймээс барилгын материалын үнэ одоо ашиглалтад орж байгаа орон сууцны үнэд нөлөөлөх ёсгүй. Орон сууцны үнэ одоохондоо хэвийн хэмжээнд байна.

-Барилгын материалын үнийн өсөлт энэ салбарынхны үйл ажиллагаанд хэр нөлөөлөх бол?
-Барилгын материалын үнэ зах зээлийн ханштай нийцэж байгаа. Жил бүрийн хавар тодорхой хэмжээгээр өсдөг. Одоогоор үнэ нь өссөн ч эрэлт бага байгаа юм. Харин хомсдол их хэмжээгээр үүсвэл барилгын материалын үнэ дагаад өснө. 

Т.Урангэрэл


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж