Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол оронд дэлхийн шилдэг эдийн засагчид чуулах нь ээ. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхийн чихийг дэлдийлгэж буй улсын нийслэл Улаанбаатарт хөрөнгө оруулагч нар л голчлон ирдэг байсан бол энэ удаа хөрөнгө босгох “ноу хау”-г мэдэх жинхэнэ эзэд морилох гэнэ. Тус арга хэмжээг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Чуулган “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” нэртэй. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, монгол судлаачид болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгох юм байна.
Зөвхөн эдийн засгийн ерөнхий онол, чиг хандлага, судалгааны бааз суурийг хэлэлцээд зогсохгүй судлаач эдийн засагч, бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих нь уг арга хэмжээний бас нэгэн зорилт аж. Чуулганд, Ажил эрхлэлт ба цалин, Тодорхой бус байдал ба хөрөнгийн үнэ, Хэрэглээний экономикс, Эдийн засгийн онол гэсэн дөрвөн бүлэг сэдвээр АНУ, Дани, Канад, Солонгос, Турк, Монгол зэрэг улсын их, дээд сургууль, судалгааны төвийн эдийн засагч, судлаачид илтгэл тавих ажээ.
М.СУРА