Португалийн шилдэг дасгалжуулагч Жозе Моуриньо Өнгөрсөн зунаас Английн “Челси” клубийг дасгалжуулахаар болсон. Тэрбээр 2004-2007 онд “Цэнхрүүд”-ийг удирдаж байсан бөгөөд зургаан жилийн дараа Лондонд дахин хөл тавьсан. Ингээд түүний “Челси” клубийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагаас сонирхолтойг нь түүвэрлэн хүргэе.
-Лондонд дахин тавтай морил. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би маш их аз жаргалтай байна. Хэт их сэтгэл хөдлөлдөө автахгүйн тулд би хэдэн өдрийн өмнөөс өөрийгөө өнөөдөрт бэлдэх хэрэгтэй болсон.
-Таны шийдвэр хэр хэцүү байв. Менежерүүд буцаж ирэх нь ховор байдаггүй шүү дээ?
-Миний хувьд амархан байсан. Эхлээд багийн эзэн Абрамовичтой уулзсан. Миний бодлоор бид цөөн асуултын дараа шууд учраа олсон. Би түүнээс “Та намайг буцаад багтаа авахыг хүсч байна уу” гэж хэлсэн. Харин тэр хариуд нь “Чи эргэж ирмээр байна уу” гэж асуусан. Тэгээд хэдэн минутын дараа бид тохиролцоонд хүрсэн дээ.
-Өмнө нь хэн хэнд нь ашигтай тохиролцоо болж байсан. Та “Челси”-гээс явсны дараа ч тэд олон шагналын эзэн болж, амжилтаа үргэлжлүүлсээр байгаа?
-Тиймээ. Би энэ багт хайртай. “Челси”-тэй холбогдсон онцгой холбоос байдаг. Зургаан жилийн өмнө надад шийдвэр гаргахад маш хүнд байсан. Клубийн удирдлагуудад ч амар байгаагүй байх. Гэхдээ энэ бүгдийг арай эерэгээр хараад үзэх юм бол “Челси”-г орхиод өөрийнхөө карьерт хүсч, зорьж байсан бүхий зүйлдээ хүрч чадсан. Сэтгэл хөдлөлөө хойш тавиад харвал гайхалтай мөчүүд байсан гэж хэлж болно. Би Англи, Испани, Италид түрүүлж, агуу ялалт байгуулахыг хүссэн. Түүнийгээ ч хэрэгжүүлж чадсан. Би хөлбөмбөгийн агуу гүрнүүдэд авч болох бүх цомыг авсан. Мөн өөрийн хоёр дахь “Аваргуудын лиг”-ийн түрүүг ч хүртсэн. Би өөр өөр улсуудын өөр өөр соёлд хорших дуртай. Миний бодлоор энэ нь намайг сайн менежер болоход том тус хүргэдэг гэж хэлж болно. “Челси” ч намайг эзгүйд олон гайхалтай амжилтын эзэд болж, нэрээ мөнхөлж чадсан. Одоо бид нэгдэж, нэг зорилгын төлөө тэмүүлж, тэр гайхалтай мөчүүдийг хамтдаа бүтээлцэх цаг ирээд байна. Тиймээс миний бодлоор бид дахиж “гэрлэж”, аз жаргалтай байж хамгийн гол нь амжилтад хүрэхэд бэлэн болсон.
-Та Лондонд ирсэн төлөвлөгөөгөө танилцуулаач?
-Миний төлөвлөгөө үргэлж ижил байдаг. Багийг сайжруулж, хөгжүүлэх, хамгийн оргил түвшинд нь хүргэхийг хичээх болно. 2004 оны улирлын өмнөх бэлтэлийг сайн санаж байна. Бид АНУ-д нээлттэй бэлтгэл хийж байлаа. Тухайн үед биднийг сэтгүүлч, сурвалжлагчид дагахгүй, хоёр, гурван хүүхэд үзээд сууж байж билээ. Тэр нь Роман Абрамовичийн эрин үеийн ердөө эхлэл байсан юм. Би “Челси”-гийн эхлэл байсан гэж хэлмээр байна. Энэ үеэс Лондоны баг ялалтын замдаа орж, олонд танигдаж, өрсөлдөгчдөө дарамт учруулах болсон. Нэг улиралд хоёр ч лигийн цом өргөж өөрсдийгөө хэн бэ гэдгээ харуулсан. Дараа нь эргээд АНУ-д улирлын өмнөх бэлтгэл хийхээр очиход байдал тэс өөр болчихсон байлаа. Одоо бол “Челси” хангалттай хүчирхэг, том баг. Ялангуяа “Аваргуудын лиг”-ийн аварга болно гэдэг багийн нийгмийн хүрээллийг зузаатгаж байгаа хэрэг. Би яг л урьднийх шигээ байгаа. Бие махбодиороо өөрчлөгдөөгүй. Гэхдээ менежер хүн цаг үргэлж өөрийнхөө болон, хөгжил дэвшлийнхээ талаар эргэцүүлж байх хэрэгтэй. Би хэвээрээ байгаа ч одоо илүү боловсронгуй, туршлагатай, арай өөр зүйлийн төлөө тэмүүлдэг болсон. Би “Челси”-гийн төлөө сэтгэл зүрхээ өгч, энд удаан хугацааг өнгөрөөхөд бэлэн байна.
-Та нэг багт гурваас илүү жилийг өнгөрөөдөггүй. Та энэ удаад Лондонд илүү урт хугацаанд байна гэж үзэж байна уу?
-Найдаж л байна. Хэрвээ та нар “Челси”-гийн бүрэлдэхүүн рүү харвал одоо тэдэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь энэ. Миний үеэс үлдсэн 4-5 тоглогч байна. Тэд насаар арай ахимаг боловч багт маш чухал тоглогчид. Бүрэлдэхүүнийг тэнцвэржүүлэхэд суурь болох тулгуур эрхтнүүд гэсэн үг. Гэхдээ бидний гарт залуу, авьяаслаг олон тоглогч байна. Тэднийг өөрсдийгөө хөгжүүлж, замналынхаа оргилд хүрэхэд тогтвортой байдал хамгийн том нөлөө үзүүлдэг. Би тэдэнд үүнийг нь өгөхийг хичээх болно. Багийн удирдлага, тамирчид гээд бид бүгд юу хүсч буйгаа сайн мэдэж байгаа. Бидний зорилго нэг. Би залуусаа сайжирахад нь тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Өөрийгөө зөвхөн “Челси”-гийн менежерийн дүрээр харахгүй байна. Учир нь одоо яг өөрийнхөө хамгийн ихээр хайрладаг багийг дасгалжуулах гээд зогсч байна. Би аль нэг багт очихоороо хамаг хүчээ дайчилж, тэднийг жаргалтай байлгахыг хүсдэг. Гэхдээ аль хэдийнээс хайрладаг байсан багтаа ирж байгаа анхны тохиолдол минь энэ. Надад гайхалтай мэдрэмж төрж байна.
-Сүүлийн зургаан улиралд “Интер”-тэй требл хийж, “Реал”-д гайхалтай гурван жилийг үдсэн. Мөн та өөрийгөө илүү туршлагатай болсон гэж байсан. “Челси”-г орхисноосоо хойш хэрхэн өөрчлөгдсөнөө дүгнэвэл?
-Итали анх миний очихийг маш ихээр хүсч байсан газар. Италийн хөлбөмбөг маш хэцүү. Ялангуяа аварга болохыг хүсч байгаа багт хожигдохыг үзэн яддаг багуудтай өрсөлдөж, цом өргөнө гэдэг амаргүй даваа. “Сери-А” миний хувьд маш том сорилт байсан гэж хэлж болно. Өнгөрсөн жил нь “Аваргуудын лиг”-т амжилт олоогүй учраас “Интер”-т очиход намайг сэтгэлээр унасан, урам нь хугарсан багийн уур амьсгал угтсан. Гэхдээ бид Италийн түүхэнд анх удаа требл хийсэн. Португал, Англиас гарч, өөр уур амьсгал, үзэл бодлын ертөнцөд орсон минь тэр. Би маш их зүйлийг сурах хэрэгтэй болсон. Тиймээс “Интер” намайг сайжруулж чадсан гэж хэлмээр байна.
-Английн лигийн топ гурван баг ирэх улирлыг шинэ дасгалжуулагчтай эхлүүлнэ. Биднийг үнэхээр сонирхолтой, сэтгэл хөдөлгөм өдрүүд хүлээж байна, тийм үү?
-“Премьер лиг” бол “Премьер лиг”. Миний бодлоор дэлхийн хөлбөмбөгийн халууны хэмжүүр гэгддэг “Аваргуудын лиг”-ээс энэ жил Английн багууд хэтэрхий эрт хасагдсан. Зарим хүн Английн хөлбөмбөгийн лигийн чансаа буурч байгаа талаар ярьж байсан. Би лав тэгэж бодохгүй байна. Заримдаа ийм зүйл болдог шүү дээ. Хэтэрхий яаран дүгнэж болохгүй. “Премьер” лиг гайхалтай хэвээрээ байгаа. Ирэх улирал 5-6 хүчирхэг багийн дунд гол өрсөлдөөн өрнөнө. Миний үед бол “Челси”, “Арсенал”, “Манчестер Юнайтед” гэсэн гурван багийн хооронд аваргын төлөө гол өрсөлдөөн өрнөдөг байлаа. Харин одоо таваас зургаан баг нэг зорилготой тэмцэж байна. Бүгд л “Аваргуудын лиг”-ийн эрх, “Английн лиг”-ийн цомыг булаацалдана. Тиймээс ирэх улирал гайхалтай өрсөлдөөнтэй байх болов уу. Энэ өрсөлдөөн дундаас ялалт байгуулж чадна гэж найдаж байна.
-“Премьер лиг”-т түрүүлэх нь таны хийх ажлын жагсаалтын тэргүүнд бичигдэж байгаа юу?
-Бид багаа сайжруулах хэрэгтэй. Намайг “сайжруулах” гэж хэлэхэд хүмүүс хэдэн сая фунт үрэх тухай бодож байгаа байх. Миний сайжруулна гэж хэлж байгаа бол өөрийн ажлаар, хичээл зүтгэлээр тамирчдаа, багаа сайжруулах тухай ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Хэдэн тамирчин аваад бүрэлдэхүүнээ зузаатгана гэвэл сайхан л байна. Гэхдээ би багийг өөрийн хичээл зүтгэлээр сайжруулах хэрэгтэй гэж боддог. Чадахгүй бол өөртөө нилээд сэтгэл дундуур үлдэх болов уу. Миний жагсаалтын эхэнд багийг сайжруулах ажиллагаа маань бичигдэх болно.
-“Челси”-д олон авьяаслаг, чадварлаг тоглогч байдаг. Багийн одоогийн хэв маягийн талаар юу гэж бодож байна вэ?
-Эхлээд тэдэнтэй ажиллах хэрэгтэй байна. Надад багийн бүрэлдэхүүн таалагдаж байгаа. Хуучний “Челси”-гээс үлдсэн хэд хэдэн тамирчин багт байгаа болохоор би сэтгэл хангалуун байна. Тэд чинь багийн амин зүрх. Эдгээр хөвгүүдийг авч, үлдсэнд багийн удирдлагуудад талархаад барахгүй. Гэхдээ бас удаан хугацаанд хамтран ажиллах боломжтой, энэ хугацаанд хөгжиж, дэлхийн хэмжээний тоглогчид болох боломжтой залуус ч багт байгаад баяртай байна. Би энд дөрвөн жилийн хугацаатай ирсэн. Тиймээс Эден Азар, Оскар, Давид Луиз гээд залуустай хамтран ажиллах надад, бас тэдэнд таатай байна гэж бодож байна. Бид хамтдаа сайжирч, одоогоос илүү хүчирхэг багийг бүрдүүлж чадна.
-“Челси” энэ зун Ази, Америк тив рүү явна. Харин дараа нь Европын “Супер цом”-д “Бавари”-тай тоглоно. Тэр дундаа Пеп Гвардьолагийн эсрэг тоглоно. Энэ таны хувьд сайхан эхлэл биш гэж үү?
-Энд Пеп бид хоёр хамаагүй. Энэ бол “Челси”, “Бавари” хоёрын тулаан. Энэ тэмцээнд ирэхийн тулд Гвардьола болон би юу ч хийгээгүй. Тамирчид, өмнөх менежерүүд энэ хүртэл ирсэн болохоос бид ямар ч гавьяа байгуулаагүй. Тиймээс бид зүгээр багаа ялалтад хүргэх дүрээр тэнд очих болно. Өөр зүйл байхгүй.
-Та есөн жилийн өмнө “Челси TV”-ийн камер луу хараад “Би багт амжилт авчрах чанар, гүйцэтгэл, хайр, хүсэл тэмүүлэлийг амалж чадна” гэж хэлж байсан. Одоо ч хэвээрээ юу?
-Мэдээж тийм. Гэхдээ би одоо та бүгдийн нэг хэсэг болсон гэдгээ бахархалтайгаар хэлж чадна. Энэ л хэсэг өөрчлөлт юм уу даа. Өмнө нь би ийм зүйлийг мэдэрч байсангүй. Миний карьерт хоёр гайхалтай баг байсан нь “Челси”, “Интер”. Гэхдээ Лондоны баг надад илүү чухал. Багийн эсрэг тоглох надад үнэхээр хэцүү байсан. Одоо би та бүгдэд 2004 онд амалж байсан шигээ яг ижил зүйлийг амалж чадна. Гэхдээ нэг өөрчлөлт байгаа. Тэр нь би одоо та бүгдийн нэг хэсэг.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
