
-Шинэ үзэсгэлэнгээ нээж байгаад тань баяр хүргэе. Өдөр бүр нээлтээ хийдэг үзэсгэлэнгүүдээс өвөрмөц юм аа. Нэрнээсээ эхлээд л “Өдрийн тэмдэглэл ба мах цуврал”. Яагаад ийм нэр сонгосон юм бэ?
-Би 2006 онд ХБНГУ-д оюутан байх үедээ хийж байсан цуврал ажлууд “The daybook and corpus” буюу “Өдрийн тэмдэглэл ба мах”. Corpus гэдгийг мах гэж орчуулахгүй байж болно л доо. Би зүгээр өөрийнхөө ухамсараар хүлээн авсан. Би уг нь “Мах” гэдэг нэртэй үзэсгэлэн гаргах гэж үзээд бараг арваад сая төгрөг төсөвлөсөн. Нэлээд том хэмжээний дан /installation/ үйл хөдлөлийн урлагийн үзэсгэлэн болох байсан. Яг төлөвлөгөөгөөр бүх зүйл явагдаагүй учраас эдгээр ажлуудыг би шинээр сүүлийн сар гарангын хугацаанд хийсэн. Гэхдээ миний хувьд бараг илүү гоё болчих шиг боллоо. Нэгэнт “Мах” гээд үзэсгэлэн маант хэрэгжихгүй болохоор хуучныхаа “The daybook and corpus” нэрийг буцаан сэргээж өгсөн. Яагаад гэвэл би Монголд ирснийхээ дараа үзэсгэлэнгээ гаргахаар гадагшаа дотогшоо олон кураторуудтай харьцаж эхэлсэн. Япон, Герман, АНУ-ын кураторууд миний шугам, зураас, өнгөний тоглолтыг илүү сонирхоод байгааг би анзаарсан. Тийм болохоор би илүү өөрийнхөө угшил руу буцсан нь дээр юм шиг санагдаад хуучныхаа тэр илүү хөнгөн тоглолт, стиль рүү илүү орсон. Энэ үзэсгэлэнг анх сонсоод л “мах” гээд юун аймаар үзэсгэлэн гаргах гээд байгаа юм бол оо гэж хүмүүс бодож магадгүй. Хүрч ирээд харахад шал өөр хөнгөн тоглолт байгаасай гэж би хүссэн.
-Монголд тэр бүр ийм өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийгээд байдаггүй болохоор сонирхолтой байна. Үүнээс хүмүүс юуг мэдрээсэй гэж хүссэн бэ?
-Урлаг бол мэдрэмжийн асуудал. Үүнийг заавал ойлгох гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ойлгож гэж хүчлэх тусам өөрийгөө түгжээд нэг юм ухамсарлах гээд үзээд байна шүү дээ. Өөрийгөө сул тавиад зурганд өөрийгөө өглөө гэж бодвол илүү зурагны мөн чанарыг мэдрэнэ. Зургийг мэдэрцгээе.
-Шведэд дэлгэсэн үзэсгэлэнгийнхээ үеэр үйл хөдлөлийн урлал үзүүлж байхдаа торон дотор суугаад зураг зурж байгаа гэрэл зургийг харлаа. Юуг зурж байсан бэ?
-Микки Маус зурж байсан.

–Яагаад?
-Энэ миний Европт хэрэгжүүлж байсан нэг төсөл ажил л даа. Mickey Mouse Generation буюу “Микки Маусын үейихэн” гээд.
-Тэр Европд дэлгэсэн үйл хөдлөлийн урлагын ажлууд тань тэгвэл нэг хөтөлбөрийнх юм уу?
-Нэг хөтөлбөрийн юмнуудыг би шинэ хөргүүд рүүгээ оруулж ирсэн хэлбэр л дээ. Уран бүтээлч хүн дэндүү савалж болдогүй юм. Уран бүтээлч хүн ер нь нэг шугамтай имижтэй бол түүн дундаа давтах маягаар тоглосон нь хамаагүй дээр байдаг.
-Өөрийн тань имиж?
-Одоогийн байдлаар хөнгөн, софт. Би уул нь хүнд. Хүндрэх үедээ хүндэрнэ. Миний одоогийн тоглож байгаа тоглолт бол хөнгөн тал руугаа. Энэ бол минйи мэдрэмж. Би айхтар энэ бол миний имиж гэж тодорхойлоод байх дургүй. Жаахан бухимдсан үедээ хүнд талдаа ордог. Жишээлбэл тэр “Алтангадас одонт” мах бол нэлээд хүнд зурагтаа орно. Яахав бухимдсан үедээ хүндрэх дуртай. Ерөнхийдөө зургууд маань хоорондоо холбогдож байгаа л даа.
-“Алтангадас одонт” яагаад энэ удаагийн цувралдаа одонг голчлосон юм бэ?
-Миний “Алтангадас одонт” бол гоё, тасархай зураг. Энэ бол мастер ажиллагаа. Монголчууд үзэнгүүтээ хараад гүйцэтгэл нь дутуу байна гээд шалгах гээд байдаг. Энэ бол тэгэх ямар ч шаардлагагүй зураг байхгүй юу. Энэ зургийн хамгийн гол зүйл улаан цахилгаан, Алтангадас одон хоёрын тоглолтод л оршиж байгаа. Би бол зурдаг зураач биш тоглодог зураач. Би зургийг айхтар зурна гэхээр үнэхээр ойлгодоггүй. Зураад байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Үүнийг би тоглолт гэж ойлгодог. Яг хөгжим шиг л ямар нэгэн хөгжмийн зэмсэг ашиглаж дуугаргаад байгаа гэвэл би хөгжмөөр DJ юм уу даа. Би микс хийгээд хөгжим дуугаргаж байгаа болохоос биш ямар нэгэн гитар бариад түүн дээрээ дуу дуулах гээд ая нь зохихгүй дээрээс нь хажууд нь аймаар аймаар хамтлагууд байхад тэгж яваад байх ч утгагүй болчихсон. Надад нэг нөхөр “Алтангадас” одонг зарах гэж үзээд байсан. Тэгээд Алтангадас одонг гарсан чинь маш гоё байсан. Яагаад гэвэл би гадаадаас ирээд удаагүй. Алтангадас одон дээр морьтой хүн давхиад нэг Монгол шинж чанар агуулсан. Ер нь ямар нэг юман дээр одонгоор тоглох гоё юм биш үү гээд. Урлаг бол эрх чөлөө. Би энэ зургандаа Алтангадас одон өгөөд, тэр зургандаа Байлдааны гавьяаны улаан тугын одон өгөөд нэг үгээр хэлбэл би ерөнхийлөгчтэй төстэй хүн зогсож байгаа байхгүй юу. Урлаг өөрөө эрх чөлөө юм бол энэ урлагт би юунаас айх ёстой юм. Энэ бүхэн өгөгдөхүүн. Одон ч миний хувьд өгөдөхүүн, Алтангадас одонт зураг дээр ч энэ хүүхнйиг амьд байлгах уу, устгах уу, толгойг нь тасдах уу, одон өгөх уу, эсвэл яах уу гэдэг миний л мэдрэмж.
-Яагаад заавал хонин толгойтой бүсгүйг одонгоор шагнав?
-Хонь бол бидний хэрэглээ. Ерөнхийдөө миний энэ ажлууд бүгд хэрэглээний тухай л даа. Тэр хөрөгнүүдийг би бодохдоо манайхан аймаар хүнд материал ашиглаад байхад би аягүй хөнгөн зйүл ашиглачихаж байгаа байхгүй юу, цахилгаан.
-Цахилгаанд л учир байна даа?
-Цахилгаан бидний хэрэглээ болчихсон. Өнөөдөр чулуун зэвсэг, төмөр зэмсгийн үе дуусчихсан. Өнөөдар бидний амьдарч байгаа үе бол пластик буюу хуванцарын үе болоод явчихаж байна. Би хуванцар ашиглаад хийж байна. Ээн хэрэглээ биднийг ямар болгоод байгаа вэ гэдэгт асуудал оршиж байна. Жишээлбэл “миний өөрийн хөрөг” гээд энэ бүтээлтэй харьцаж байгаа обьектууд монголын хучны тамганууд. Энэ тамганууд хуванцар цахилгаан, тэр өнгөтэй харьцаад ирэнгүүт мөн чанраа алдаад эхэлж л дээ. Харахад шал өөр харагдана. Эсвэл смайл ч юм уу орчин үеийн тэмдэглэгээ шиг харагдаад эхэлж байгаа юм. Энэ нь бидэнд нэг мессэж болон бидний хэрэглээ биднийг өөрчилчихсөн. Өнөөдөр бид яаж ч хэзээ ч яаж ч бахархаад XIII зууны Монгол шигээ байж чадахгүй. Бид өнөөдөр өглөөнөөс орой болтол мах идээд агаар дунд малтайгаа ноцолдоод тэгж явж байгаа нөхцөлд хадгална. Өнөөдөр бид сүрчиг түрхээд хуванцар юм өмсөөд тэр мөн чанруудаа алдаж байна шүү дээ.
-Гэхдээ алдагдсан тэр мөн чанартайгаа өнөөгийн нийгэмд зохицоод байгаа юм биш үү?
-Тэр нь бол зохицож байгаа. Зохицох ч ёстой. Энэ дунд бахархал гэхээсээ илүү энэ зохицолдоог анзаараад бид илүү уян хатан байх тухайд л ерөнхийдөө оршоод байгаа юм. Тийм болохоор ийм үзэсгэлэн Монголд дэлгэгдээгүй. Энд ямар нэгэн Чингис хаан, байгаль, баатар нэг ч байхгүй. Энэ бол зүгээр хөнгөн бүтээлүүд.
-Гадаадад дэлгэж байсан үзэсгэлэнг чинь хүмүүс хэрхэн хүлээж авч байв. Үзэсгэлэнгээ гадаадад гаргах эх орондоо дэлгэх хоёрын хооронд ямар ялгаа байна?
-Гадаадад үзэсгэлэнгээ гаргах илүү хүнд байсан.
-Юугаараа хүнд гэж? Орчин нь уу? Хүмүүс нь үү?
-Яг үнэнийг хэлэхэд стилиэрээ. Европт амьдарч байгаа нөхцөлд би “Mickey Mouse Generation” гээд ерөнхийдөө нэлээд хүнд сэдэв рүү ороод нийгмийн асуудал, Американилизм энэ бүхний эсрэг. Монголд ирсэнийхээ дараа би энэ бүхэнтэй хутгалдаад хэрэггүй гэж бодсон байхгүй юу. Яагаад гэвэл өнөөдөр Монголд хаа сайгүй бухимдал байна. Энэ бүхэнтэй заавал зууралдах хэрэггүй шүү дээ. Яг энд би өөрөө өөрийгөө олоод өөр дээрээ ажиллаж байсан нь надад илүү хэрэгтэй юм байна. Түүнээс би өнөөдөр тэнд машин түгжрэл болсоны төлөө УИХ руу хандаж орилоод байх ямар ч шаардлага байхгүй. Яг энэ үзэсгэлэнг тэр үүднээсээ би буцаад асар хөнгөн хэлбэр рүүгээ ороод зөвхөн өөрийн тоглолтыг явуулсанаас энэ үзэсгэлэн үүссэн.
-Энэ шашны тухай үйл хөдлөлийг урлал чинь сонирхол татлаа? Өөрийн чинь хувьд шашин гэж юу вэ?
-Анхнаасаа би үүнийг урлаг бол гээд шашин гэж христын тэмдэг харуулж хийсэн. Артист гэдэг үгний задаргаанаас урлаг бол шашин гэж задаргаа гаргаад энэ томёогоор амьдрах гэж үзээд байгаа юм. Энэ миний амьдралын томёо. “Just do it with love” буюу “зөвхөн хий гэхдээ хайраа шингээгээд хий” гэж. Урлаг бол хүнд хязгааргүй эрх чөлөөг өгдөг. Тэр бол зоолттой үнэн. Энд чөлөөтэй тоглож, бүх юм чөлөөтэй. Гэхдээ хүн ганцаардлаар төлбөр төлөх ч юм уу янз бүрийн асуудал зөндөө гарч ирнэ шүү дээ. Тэр эрх чөлөөг эдлэхийн тулд чи ганцаардах ёстой гээд зарим нэг хүн хэлчихсэн ч юм уу. Тийм болохоор би энд эрх чөлөөтэй тоглолт явуулж байгаа мөртлөө нэг саванд л байгаад байгаа. Миний гол санаа бол надад солиорол хэрэгтэй, би солиормоор байна, гэхдээ эмх цэгцтэй. Энэ бол бүх юм угаасаа өөрийн гэсэн нэг юман дотор байх ёстой гэдэг санаа. Яг үүнээс урлаг бол шашин. Юу урлаг вэ гэвэл явж явж бүх юм л урлаг бол хувирна. Зөвхөн чиний харах өнцөг чинь ямар байгаагаас л бүх юм шалтгаална.
Орчин үеийн, хэмжээсгүй хэв маягийг илэрхийлэх “Өдрийн тэмдэглэл ба мах” үзэсгэлэнд саатан уран бүтээлчийн ертөнцөөр аялахыг хүсвэл энэ сарын 24-нөөс өмнө зав гаргаад “Blne moon” галерейг зориорой.

Гэрэл зургуудийг ЭНД дарж үзнэ үү