
Сургалтын хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад байнга тулгамддаг спортын сэтгэл зүй, спортын биомеханикийн онолын чухал асуудлаар БНСУ-ын Чуннамын их сургуулийн эрдэмтэн, профессорууд 2013.06.24-ний өдрийн 10.00-12.00 цагт ҮШБ-ийн дасгалжуулагч нарт, 14.00-17.00 цагт ҮШБ-ийн тамирчдад тус тус лекц унших аж.
Зургадугаар сарын 24-ний өдрийн сургалт МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 123 тоот танхимд явагдах бөгөөд 11.00 цагт “Спортын шинжлэх ухаанаас суралцахуй” сэдэвт Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад зориулсан сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно.
Харин зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд “Хариу үйлдлийн хурд”, “Доод мөчдийн үйл ажиллагааны тэнцвэрт байдал, хүч”-ний хуваарилалтыг тодорхойлж, зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн онцлогийг судлан “Сэтгэл зүйн дадал олгох” сургалтыг судалгаанд оролцсон тамирчдадаа явуулахаар төлөвлөсөн байна.
Энэ удаагийн сургалт, судалгаагааны онцлог нь Монгол улсын спортын хөгжлийн түүхэнд анх удаа Дэлхий спортын шинжлэх ухаанд гарч байгаа өндөр нарийвчлалтай технологийн дэвшлийг ашиглан Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй судалгааг хийж, тамирчдын хувийн онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох боломж олгож байгаа явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.