Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл нь стратегийн ач холбогдолтой

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл нь стратегийн ач холбогдолтой

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэл нь стратегийн өндөр
 ач холбогдолтой гэдгийг онцоллоо

Нүүрс шингэрүүлэх технологийн хөгжил, тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замыг эрэлхийлэхийг зорьсон “Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Монголын Химич, Химийн Инженерүүдийн нэгдсэн холбоо, Шинжлэх Ухааны Академи болон төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд, эрдэмтэн судлаачид нэг дор цугласан энэхүү хэлэлцүүлгийн үеэр хүрэн нүүрснээс шингэн түлш гарган авах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, стратегийн чухал үйлдвэрлэл болохыг онцолж байсан юм. Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нэлээд өртөг өндөртэй байдаг тул төр, засгийн дэмжлэг чухал байгааг ч хэлэлцүүлэгт оролцогчид цохон тэмдэглэж байв. Ялангуяа, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуульчлах зэрэг хууль эрх зүйн орчныг бий болгох санал, санаачилгыг гаргаж, үүний үр дүнд нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь тавигдах ач холбогдолтойг онцолж байсан бөгөөд хэлэлцүүлгийн дарааУИХ, Засгийн газарт хандан нэгдсэн зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ.

Нефть бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд түлш шатахууны хараат байдлаас гарах нэг гарц нь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх юм. 1980-аад оны үед судалгаа, шинжилгээний ажлын эхлэл нь тавигдаж байсан энэ чиглэлийн үйлдвэрлэлийг бодит ажил болгоход дотоодын компаниуд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж иржээ. Одоогоор Монголын Алт (МАК) ХХК жилд 400 мянган тонн бензин, 17 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх төсөл, Багануур Энержи Корпорэйшн ХХК жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх төсөл, Цэцэнс майнинг&Энержи ХХК 500 мянган тонн  дизель үйлдвэрлэх төслүүдийнхээ судалгааны ажлыг хийж дуусгаад байгаа аж. Мөн энэ үеэр нүүрснээс шатдаг хий үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Б.САЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж